/2023.06.05/: Өнгөрөгч амралтын өдөр залуу уран бүтээлчдийн дунд томоохонд тооцогдох Вандебо хамтлаг цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо дүүрэн үзэгчтэйгээр хийсэн.
Энэхүү тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэнгийн орчин хогонд дарагдсан, ойр хавийн тоглоомын талбайн эд зүйл эвдэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тарсан юм.
Энэхүү мэдээлэл тарснаар цахим орчинд иргэд хоёр байр сууринаас хандаж байгаа бол тус хамтлагийн зүгээс өөрсдийн тайлбарыг нийтэлжээ.
"Цэнгэлдэхийн дотор болон гадна хогийг цэвэрлэлээ. Сошиал орчинд буруу ташаа мэдээлэл явж л байна. Гэхдээ яахав угаасаа тэгдэг л хойно. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Аливаа шоу тоглолт, фестиваль дууссаны дараа их хэмжээний хог гардаг нь хэвийн үзэгдэл. Ганц манай оронд биш дэлхийн бусад хотуудад ч ийм л байдаг. Хамгийн гол нь тэр хогийг дараа нь цэвэрлэдэг.
Яг энэ зарчмаар бид бүх хогийг цэвэрлэж дууслаа. Мэдээж хоггүй цэвэрхэн байхыг хэн хүнгүй л хүснэ шүү дээ. Бид ч тоглолт эхлэхийн өмнө үзэгчдэдээ хогоо битгий ил задгай хаяарай. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж соёлтой байхыг уриалсан. Дор бүрнээ хичээж байж бидний хүсээд байгаа орчин нийгэм илүү сайхан гэрэл гэгээтэй болно. Тиймээс дан ганц чи дан ганц би гэж хэн нэгэн рүүгээ буруу өгөлгүй хамтдаа л хичээе. Эцэст нь Vandebo- той хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү
Жич: Тоглоомын талбайн эвдэрсэн бүх зүйлсийг засаж, шинээр сольж өгөхөөр болсон" гэжээ.