/2023.5.6/ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас ковид тахлын хэмжээний аюултай өвчин байхаа больсон, гэхдээ ковид тархсаар байгаа бөгөөд үүнийг энгийн өвчний адил үзэх цаг ирсэн гэж мэдэгдлээ.
Энэхүү шийдвэрийг баасан гарагт болсон ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн зохицуулалтын хорооны хурлаар гаргажээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейесус:
-Ковид тахлын тархалт сүүлийн нэг жилд буурсан. Хүмүүсийн дархлаа сайжирч, вакцины үйлчилгээ ч сайн байлаа. Тиймээс улс орнууд ковидын өмнөх үеийн амьдралын хэв шинж рүүгээ шилжих боломжтой гэлээ.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ковидыг дэлхийн хэмжээний тахал хэмээн нэрлэсэн юм.
ТАХАЛ ДУУССАН БОЛ КОВИД ҮГҮЙ БОЛСОН ГЭСЭН ҮГ ҮҮ?
Үгүй. Ковид байсаар байх бөгөөд магадгүй долоо хоног бүр хүмүүс энэ өвчнөөр амиа алдсаар л байх болно. Тэр ч бүү хэл ковидын шинэ хувилбарууд ч цаашид гарсаар байх ажээ. "Харин энэ мэдээ нь улс орнууд онцгой байдлын горимоосоо татгалзаж, хэвийн амьдралд шилжих цаг болсон гэсэн үг" гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейесус хэлэв.
Дөрөвдүгээр сард л гэхэд дэлхий дахинаа 3 сая тохиолдол, 17 мянган нас баралт бүртгэгджээ.
Цаашид ковид хэзээ бүрэн эмчлэгдэж дуусахыг одоогоор ДЭМБ хэлж чадахгүй байна. Тиймээс хэрэв та хүсвэл хувийн хамгаалалтаа авсаар байж болно. Мөн вакцин хийлгэх нь ч зүйтэй юм гэжээ.