Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс залруулга мэдэгдэл гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс залруулга мэдэгдэл гаргажээ

/2023.05.05/: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын нэгэн сайтад өгсөн ярилцлага нь иргэдэд буруу ойлголт төрүүлэх мэдээллийг агуулсан талаар Монголын аутизмын холбооноос мэдэгдэл гаргасан.

Үүнтэй холбогдуулан СЭМҮТ-ээс залруулга мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын itoim.mn сайтад 2023 оны тавдугаар сарын 1-нд өгсөн ярилцлагын талаар залруулга мэдэгдлийг хүргэж байна.

Юуны өмнө энэ ярилцлагаар жилээс жилд нэмэгдэж байгаа аутизмын талаар ард иргэдэд зориудаар буруу ойлголт өгөх санаа огт агуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ярилцлагын гол зорилго нь аутизм нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа, нийгэм эдийн засаг, гэр бүлд тулгамдсан олон асуудал бий болж буй тухай дурдаж эцэг, эхчүүдэд хүүхдээ сайн ажигла, тусал, харилцаагаа нэмэгдүүл, зөвхөн утас өгөөд орхиж болохгүй, тэдэнтэй ярилцах, хөгжүүлэх хэрэгтэй гэсэн сэрэмжлүүлсэн агуулгыг хүргэхийг зорьсон болно.

Манай төвийн хувьд аутизмыг олон нийтэд зөвөөр таниулах, эрт оношилж, нийгэм сэтгэлзүйн дэмжлэгийг үзүүлэх, тохирсон чадварт сургах үйл ажиллагаанд эцэг эх, төрийн болон төрийн бус байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллахыг зорилгоо болгодог тул СЭМҮТ-ийн ерөнхий захирлын өгсөн ярилцлагад эцэг эх, гэр бүлийг буруутгах, буруу ташаа ойлголт өгөх утга санаа агуулаагүй гэдгийг дахин мэдэгдэж бидний энэ мэдэгдлийг ойлгож хүлээж авна гэдэгт гүнээ итгэж байна.

Бидний үзүүлж буй тусламж үйлчилгээний нэг нь хүүхэд, өсвөр үед үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ бөгөөд энэ хүрээнд аутизмын оношилгоо хийгддэг. Сүүлийн жилүүдэд аутизмаар оношлогдсон хүүхдийн тоо нэмэгдсэн үзүүлэлтэй байна. Тодруулбал, 2014 онд 30 хүүхэд аутизмаар оношлогдож байсан бол 2021 онд 276, 2022 онд 746 хүүхэд оношлогдсон байна. Энэ нь нэг талаас аутизмын талаарх судалгаа шинжилгээний ажлууд эрчимжиж, оношилгоо илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

Мөн бид аутизмын оношилгоо хийхээс гадна нийгэм рүү чиглэсэн ажлуудыг тогтмол хийж байна. Тухайлбал, 2019-2022 онд “Аутизм гэж юу вэ?” Аргальхүү комик номыг хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний асран хамгаалагчдад, “Аутизмын хүрээний эмгэг” гарын авлагыг ЕБС-ийн багш, сэтгэл зүйч, эцэг эхэд зориулан бэлтгэн хэвлүүлж тараасан. 2020 онд АНУ-ын “Аутизмын оношилгооны гарын авлага (Autism Diagnostic Observation Schedule (ADOS-2)”-ыг нэвтрүүлэх эрхийг авч, монгол хэлнээ орчуулсан ба одоогоор эмнэлзүйд ашиглах мэргэжилтэн бэлтгэх, нутагшуулах туршилтын үйл ажиллагаа явагдаж байна. Мөн 2023 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас оношилгооны төлбөрийг нь 100 хувь төлүүлэх эрх зүйн орчныг бий болгосон зэргээр олон нийтэд зөв ойлголт өгөхөд чиглэсэн ажлуудыг хийж ирсэн билээ. Цаашид ч бид энэ ажлаа илүү эрчимтэй, илүү өргөн хүрээтэйгээр хийхдээ эцэг эх, төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.

Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин, тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

“Зудын яаралтай хариу арга хэмжээ“ төсөл хэрэгжүүлнэ
“Зудын яаралтай хариу арга хэмжээ“ төсөл хэрэгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.