Аж үйлдвэрийн хувьсгалууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аж үйлдвэрийн хувьсгалууд

Аж үйлдвэрийн 1-р хувьсгал: Механик үйлдвэрлэл

The First Industrial Revolution. The First Industrial Revolution began… |  by Miljan Elcic | Medium

Их Британид анх уурын хөдөлгүүр бүтээгдэж, үйлдвэрлэл, газар тариалан үсрэнгүй хөгжиж, хоол хүнсний хангамж мэдэгдэхүйц сайжирснаар хүн амын өсөлт ч дагаад нэмэгдсэн, шинэ зах зээлүүд мэндэлсэн нь аж үйлдвэрийн анхны хувьсгалын эхлэл байлаа.

Нүүрс олборлон түлж, уур гарган авах болсноор үйлдвэрүүдийг заавал голын усан хүрдээр ажиллуулах шаардлагагүй болсон тул үйлдвэрүүд олноороо мэндэлж, аж үйлдвэржилт цэцэглэн хөгжиж эхэлжээ. Томоохон хотуудын шав тавигдан, ард иргэд хотжиж, төмөр замын сүлжээ хотуудыг холбосон нь үйлдвэрүүд улам бүр өргөжин тэлэх үндэс болж байв.

Улс орнуудын эдийн засгийн тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуй байхаа больж, нэхмэл даавуу, гангийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл болон өөр бусад шинэ төрлийн үйл ажиллагаанууд зонхилох болов. Үүнээс улбаалан маш олон ажлын байрууд шинээр бий болж, хэвлэл мэдээлэл, зам тээврийн систем, эрүүл мэндийн үйлчилгээ хөгжиж, хүмүүсийн өдөр тутмын амьдрал эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдсөн ажээ.

Энэ цаг үе 1765 оноос хойш 80 орчим жил үргэлжилж, Европоос Америк тив хүртэлх өргөн уудам нутгийг хамарсан юм.

Аж үйлдвэрийн 2-р хувьсгал: Масс үйлдвэрлэл

The Second Industrial Revolution. The moments of extreme crisis and… | by  Miljan Elcic | Medium

Хорьдугаар зуун гарч, улс орнуудын хүн ам, хотжилт үлэмж нэмэгдсэн нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, түүнийг өргөнөөр ашиглаж эхэлсэнтэй холбоотой байлаа. Аж үйлдвэрийн 2-р хувьсгал нь хоол хүнс, бэлэн хувцас, автомашин, буу зэвсэг, эм тариа зэргийг үйлдвэрийн дамжлага ашиглан бөөнөөр үйлдвэрлэх боломжийг олгосон юм.

Аж үйлдвэрийн 1-р хувьсгалын хөдөлгөгч гол түүхий эд нь нүүрс байсан бол энэ удаа байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүч гол үүрэг гүйцэтгэжээ. Мөн гангийн болон химийн аж үйлдвэрийн цогцолборууд байгуулагдаж, харилцаа холбооны шинэ хэлбэр болох цахилгаан мэдээ, тун удалгүй харилцуур утас бүтээгдэн ашиглагдаж эхэлсэн байна. Тээврийн шинэ хэрэгслүүд болох нисэх онгоц, автомашин зэрэг нь газрын тос, дотоод шаталтат хөдөлгүүр бүтээгдсэний ачаар хүмүүсийн хэрэглээнд нэвтэрчээ. Тийм ч учраас аж үйлдвэрийн 2-р хувьсгалыг түүхийн хамгийн чухал үе ч гэж үзэх нь бий.

Энэ цаг үед Европ тив хөгжлөөрөө давамгайлж байсан ч бусад улс орнууд бие даан хөгжихөд шаардлагатай эрчим хүч, шинэ технологийн эрэл хайгуулаа эхлүүлсэн байна.

Аж үйлдвэрийн 3-р хувьсгал: Тоон технологийн эрин үе

How Industry 4.0 affects SMEs in Germany and China - Research Outreach

1960-аад он гэхэд хүн төрөлхтөн хоёр том дайны ард гараад, дайны үед эрчимтэй хөгжүүлсэн техник технологийн дэвшилийг энх цагийн хөгжил дэвшилд ашиглах үе ирээд байв. Цахиур хавтан ашиглах боломжтойг нээн илрүүлснээр хагас дамжуулагч зохион бүтээгдэж, эхлээд нүсэр компьютерууд, яваандаа 1970-1980 он гэхэд ширээний компьютерууд үйлдвэрлэгдэж эхэлсэн юм.

Аж үйлдвэрийн 3-р хувьсгалын эрин үед нэгэн цоо шинэ эрчим хүчний эх үүсвэр нээн илрүүлсэн нь цөмийн эрчим хүч байлаа. Мөн харилцаа холбооны шинэ технологиуд, сансар судлал, биотехнологийн судлалд томоохон дэвшилүүд гарсан ба энэ үеийн хамгийн чухал нээлтүүд нь программчлагдах боломжтой төхөөрөмжүүд болон роботууд байсан юм.

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал: Ухаалаг үйлдвэрлэл ба интернэт

A Short History of the Fourth Industrial Revolution

Зарим тохиолдолд Industry 4.0 ч гэж нэрлэдэг энэ цаг үеийг Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэж байгаатай зарим тохиолдолд санал нийлэхгүй хүмүүс ч байдаг. Учир нь шинэ мянганы босгон дээр эхэлсэн технологийн томоохон дэвшил, үсрэлтүүд одоо ч үргэлжилсээр байгаа учир энэхүү хувьсгалын далайц, ач холбогдлыг бид хараахан бүрэн ухамсарлаагүй байж болох талтай. Энэхүү үсрэнгүй хөгжсөн технологи гэдэгт сэргээгдэх эрчим хүч, цахим технологи, хөдөлгөөнт болон хиймэл дагуулын интернэт, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, юмсын интернэт буюу IoT болон өөр бусад шинэ дэвшилүүд хамаарна. Мөн төрөл бүрийн ухаалаг мэдрэгчүүд, хямд үнэтэй solid state санах ой, машин сургалт, их өгөгдөл боловсруулалт ч үүнд багтана.

Дээр дурдсан бүх технологиуд дэлхийн эдийн засгийн хөгжлийг тэтгэж, бизнесүүдийн үйл ажиллагааны хөдөлгөгч хүч болж байна.

Цаашид биднийг юу хүлээж байна вэ?

Exploring “the future of technology”: What is the metaverse? – Eastside

Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн нанотехнологи, сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологиуд, генетикийн шинэ ололтууд, квантын компьютерийн ид шидийг үзэх болно. Анхны аж үйлдвэрийн хувьсгалууд урт хугацаанд үргэлжилж, технологийн дэвшилүүд алгуур явагдаж байсан бол энэ цаг үеийн хөгжил дэвшил асар хурдацтай явагдаж байгаагаараа онцлогтой. Мөн хүмүүсийг хооронд нь холбох боломжууд улам бүр өргөжиж, шинэ санаа, шинэ мэдлэг солилцох арга хэрэгслүүд улам төгөлдөржиж байна.

Монгол, Японы хамтарсан урлагийн тоглолт болно
Монгол, Японы хамтарсан урлагийн тоглолт болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.