/2021.08.13/ МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнесийн холбоодын төлөөлөлтэй “Business breakfast” уулзалтыг зохион байгууллаа.
Монгол Улс 2020 онд авлигын индексээр таван байр ухарч, 180 улсаас 111-рт жагссан талаарх мэдээллийг “Транспэрэнси Интернэшнл”-ээс танилцуулсан. Энэхүү үзүүлэлтийг ахиулах зорилго бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан юм.
Ажлын хэсгийн арга хэмжээний төлөвлөгөө болон нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход бизнес эрхлэгчдийн саналыг сонсох зорилгоор ийнхүү дээрх уулзалтыг зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон 60 орчим бизнесийн төлөөлөл авлигыг бууруулах талаарх өөрсдийн саналаа АТГ-ын удирдлагад хүргүүлсэн байна.
Мөн тэд төрийн албаны авлига, хүнд суртал үүсгэж буй нөхцөл байдал, ёс зүй болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг хөндөн, цаашид эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх арга хэмжээний талаар нээлттэй ярилцав.
АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал төрийн албаны хүнд суртал, авлигыг бууруулахад бизнес эрхлэгчдийн ёс зүй үнэтэй хувь нэмэр оруулдаг гэдгийг тодотгоод “Бизнесийн ёс зүйн төв”-ийн үйл ажиллагаа нь үүнд чухал ач холбогдолтой гүйцэтгэх болохыг онцолсон юм.
Түүнчлэн Авлигын эсрэг эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн саналыг тусган хэрэгжүүлж, дараагийн уулзалтаар тодорхой үр дүнг танилцуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: МҮХАҮТ