/2021.08.13/: Тохиолдлын тоо буурвал нас баралтын тоо буурна. Тиймээс анхааралтай байж, вакцинд хамрагдах нь чухал юм. Улаанбаатар хотод тохиолдлын тоо буурч байгаа ч орон нутагт гарах халдварын тоо нэмэгдэж байна.
Ялангуяа Баян-Өлгий аймагт халдварын тоо эрчимтэй нэмэгдэж нийт тохиолдлын 30 гаруй хувийг дангаараа эзэлж байна. Аялал зугаалгын улирал эхэлж 25 мянган иргэн наадмын амралтаараа тухайн аймгийг зорьсон нь халдвар тархах гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Мөн тухайн аймагт хурим найр, баяр зохион байгуулагдсан нь бас нэг хүчин зүйл болж байна.
Дельта вирустэй холбоотой асуудлыг иргэд ихэд сонирхож байна. Энэ долоо хоногт 369 сорьцод шинжилгээ хийхэд 39-д нь дельта вирус илэрсэн. Батлагдаж буй тохиолдлын 10 орчим хувийг дельта вирус эзэлж байна гэж хэлж болно.