Нэг удаагийн маскны хаягдлыг ашиглан бетоныг бэхжүүлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг удаагийн маскны хаягдлыг ашиглан бетоныг бэхжүүлэх боломжтой

/2022.06.15/: Сүүлийн хоёр жилийн турш цартахалтай холбоотойгоор амны хаалтны хэрэглээ огцом өсч, үүнийг дагаад хаягдал маскны хэмжээ үлэмж ихэссэн нь байгаль орчиныг ихээр бохирдуулах болсон билээ.

Эрдэмтэд судлаачид хаягдал маскны материалыг бетон зуурмагт хольж, илүү бат бөх бетон цутгах боломжийг олж илрүүлсэн нь энэ асуудлыг шийдэх нэг гарц болж байна.

Урьд өмнө хийгдсэн судалгаануудаар бетон цутгахаасаа өмнө зуурмагт бичил бэхжүүлэгч мяндас хольсноор бетоны хагарал цууралт бага явагддаг гэдэг нь нотлогдоод байсан юм. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн АНУ-ын Вашингтон мужийн их сургуулийн судлаачид нэг удаагийн маскны үндсэн материал болох полипропилен зэрэг нийлэг биетүүдээс дээрх мяндасыг гарган авч болох эсэхийг судалж үзжээ.

Маскны дээд хэсэгт байрлах хамрын тогтоогч төмөр болон даавуун оосрыг нь салгаж, маскаа 5-30 мм урттай нарийн хэсгүүдэд хувааж жижиглэх замаар тэд туршилтаа эхлүүлсэн байна. Ингээд хэрчиж бэлдсэн мяндасуудаа графины оксидтой хольсон нь маскны материалын гадарга дээр Портланд цементтэй сайн барьцалдах давхарга үүсгэх зорилготой байв. Ингээд бэлэн болсон маскны мяндасуудаа бетон зуурмагийн цементэнд 0,1 хувь эзлэхээр бодож хольжээ.

Ийнхүү маскны мяндас хольж бэхжүүлсэн бетоныг хатсанаас нь хойш хэдэн сарын дараа туршилтанд оруулахад хагарал үүсэх болон гулзайхгүй байх чадвараараа энгийн Портланд цементээр цутгасан бетоноос 47 хувиар илүү байв. Гэхдээ даралт тэсвэрлэх чадвар нь ялимгүй буюу 3 хувиар багассан байжээ.

“Энэ бол их хэмжээний хог хаягдлын эх үүсвэр болоод байсан маскийг үнэ цэнтэй хэрэглээнд нэвтрүүлж байгаа явдал мөн” гэж судалгааны багийн ахлагч, профессор Шьянмин Ши хэлсэн бөгөөд түүний багийнхан дараагийн ээлжинд нийлэг материалтай хуучирсан хувцасыг бетоны бэхжүүлэлтэд ашиглах боломжтой эсэхийг судлахаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ ташрамд дурдахад, Австралийн RMIT их сургууль дээр үүнтэй ижил туршилт өнгөрсөн жил хийгдэж, хаягдал маскаар замын асфальт болон бусад хатуу хучилтын материалыг бэхжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрээд байсан билээ.

Эх сурвалж: newatlas.com

Б.Баасанцогт нарт холбогдох шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ
Б.Баасанцогт нарт холбогдох шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.