/2022.06.15/: Орчин үеийн Хятад, Оросыг хэдэн арван жилийн турш Амар мөрөн тусгаарлаж ирсэн бөгөөд мөрөн нь ойролцоогоор 4600 орчим км үргэлжилдэг хилийн 1800 км гаруйг эзэлдэг байна.
Украинд түрэмгийлсний дараа Орос улс эдийн засгийн хувьд тусгаарлагдсан нь түүнийг Бээжинтэй ойртуулж байгааг энэ үйл явдал харуулж байна.
Гүүрний нээлтэд гүүрний дээгүүр өнгөлөг утаа гарч, голын эрэг дээрээс орон нутгийн албаныхан алга ташиж, тусгайлан авчирсан аварга том телевизийн дэлгэцээр Москва, Бээжингээс дээд тушаалтнууд мэндчилж байв.
Хоёрдахь гарам буюу хоёр улсыг Амар мөрөн дээгүүр холбосон цорын ганц төмөр замын гүүр удахгүй ашиглалтад орох төлөвтэй байна.
"Благовещенск-Хейхэ гүүр нь өнөөгийн эв нэгдэлгүй ертөнцөд онцгой бэлгэдлийн ач холбогдолтой. Энэ нь Орос, Хятадын ард түмнийг холбосон найрамдлын бас нэгэн хэлхээ болно" гэж Кремлийн Оросын Алс Дорнод дахь төлөөлөгч Юрий Трутнев хэлэв.
369 сая ам.долларын өртөгтэй уг төсөл нь Хятадын Хармөрөн мужийн Хэйхэ хотыг Оросын Алс Дорнод дахь Амур мужийн нийслэл Благовещенск хоттой холбодог. Бүрэн ашиглалтад орсноор жил бүр 4 сая тонн ачаа тээвэрлэж, хоёр сая зорчигч тээвэрлэнэ гэж Москва тооцоолж байна.