/2022.06.13/ Европын Холбооноос баталсан шинэ хуулийн дагуу Apple болон бусад гар утас үйлдвэрлэгчид 2024 оны намар гэхэд Европын холбооны хэмжээнд USB C төрлийн цэнэглэгчийг нэгдсэн стандарт байдлаар ашиглах ёстой болж байгааг албаны эх сурвалжууд мэдэгдлээ.
Энэ хууль нь цахим төхөөрөмжүүдтэй холбоотой хаягдлыг бууруулах, олон төрлийн кабель, цэнэглэгчүүдийг цэгцлэх зорилгоор батлагдсан гэж Евро Комиссын дэд ерөнхийлөгч Маргрет Вестажер мэдэгджээ.
Шинэ хуулийн дагуу гар утас, таблет, электрон ном уншигч, дижитал камер, чихэвчүүд, зөөврийн видео тоглоомууд болон чанга яригч гээд олон төрлийн төхөөрөмжийг үйлдвэрлэгч бүхэн цэнэглэгчийн үндсэн оролтоор USB Type C болгож тохируулсан байх ёстой ажээ.
Энэ хууль нь Европын Холбооны хэмжээнд борлуулагдах бүхий л жижиг, зөөврийн болон дунд зэргийн хэмжээтэй цахилгаан бараануудад хамаарах юм.
Түргэн цэнэглэгч бүхий төхөөрөмжүүд ч мөн адил энэ стандартад захирагдах ёстой бөгөөд энэ хууль утасгүй цэнэглэгч төхөөрөмжүүдэд хамааралгүй байхын дээр хэрэглэгч өөрөө хүсвэл цэнэглэгч дагалдуулалгүйгээр төхөөрөмж худалдан авах боломжтой байх ёстой болж байна.
Шинээр баталсан энэ хуулийн дагуу хамгийн том өөрчлөлт хийгдэх бүтээгдэхүүнүүд нь мэдээж Apple компанийн төхөөрөмжүүд байх нь тодорхой.
Хууль батлагдсантай холбоотойгоор тус компаниас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ч хуулийн төслийг хэлэлцэж байх явцад компанийн зүгээс энэхүү өөрчлөлтөд дор хаяж нэг тэрбум Apple компанийн төхөөрөмж өртөж, Lightning холболтоо өөрчлөхөд хүрч байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн нь Европарламентын хуралдааны протоколд үлджээ.
2021 онд хийгдсэн судалгаагаар 2019 онд нийт борлуулагдсан гар утасны 19% нь Lightning холбогч бүхий iPhone байсан бол 44% нь USB C оролттой төхөөрөмж, 38% нь өмнөх үеийн USB B төрлийн оролттой гар утаснууд байжээ.
Энэхүү хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор Apple компани Lightning холболтоосоо нэг хэсэгтээ татгалзах бололтой. C төрлийн USB оролтыг Apple компани зарим төрлийн iPad, Macbook төхөөрөмжүүдэд хэрэглээд эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр iPhone гар утасны Lightning холболтыг ч C стандартын USB оролттойгоор туршиж үзэж байгаа гэнэ.
Европын холбооны хэмжээнд цэнэглэгчийн нэгдсэн стандарт тогтоох санаачилга нь арав гаруй жилийн өмнөөс эхтэй билээ. Албаныхан болон үйлдвэрлэгчид USB B төрлийн цэнэглэгч дээр санал нэгдсэн боловч 2014 онд энэхүү гэрээний хугацаа дуусч, түүнээс хойш энэхүү санаачлагад хэн нэгэн нэгдээгүй байсан юм. Энэ удаагийн хуулинд С төрлийн USB оролт ашиглахаар болсон нь энэ төрлийн цэнэглэгчийн хувьд анх удаа нэр дурдагдаж байгаа тохиолдол ажээ.
Мягмар гарагт хийсэн энэ мэдэгдлийн дараа Евро Комисс, Евро парламент болон Европын Зөвлөл энэхүү хуулийг бүгд хүлээн зөвшөөрснөөр хууль хүчин төгөлдөр болох учиртай. Гэвч цэнэглэгчийн нэгдсэн стандартын асуудал Европын Холбооны хүрээнд олон жил яригдсаар ирсэн учраас талууд энэ хуулийг дуу нэгтэйгээр ёсчлон батлах нь дамжиггүй юм.
Эх сурвалж: CNN