/2022.06.10/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Өгөөж-Чихэр боов” ХХК-д ажилласны дараа “ГБТ-Трейдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, энэ салбарынхан болон ногоочдын төлөөлөлтэй уулзлаа.
Жимс, ногоо боловсруулах салбарт 60 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Ижил төстэй импортын бүтээгдэхүүний гаалийн татвар таван хувь учир дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна.
2021 оны байдлаар дотоодын үйлдвэрүүд зах зээл дэх өргөст хэмхний 18, салатны 60, компотны 11, нухашны 21, чанамалын 35 хувийг хангасан статистик үзүүлэлт гарчээ.
Энэ салбарынханд эргэлтийн хөрөнгө муу, урт хугацаатай, хүү багатай зээл олддоггүй, хүнсний ногоогоо хадгалах зоорь, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг зэрэг нийтлэг хүндрэл, бэрхшээл тулгараад байна.
“ГБТ-Трейдинг” ХХК-ийн дэд захирал Ц.Төгсөө “Эргэлтийн хөрөнгө, зээл, татварын бодлогоор дэмжвэл үндэсний аж ахуйн нэгжүүд тогтвортой ажиллах, ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг давуу талтай. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилтыг биелүүлэхэд дорвитой хувь нэмэр болно” гэж үздэгээ илэрхийлэв.
Тус компани энэ онд 2,200 тн өргөст хэмх худалдан авч, гурван сая шил бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Үүнд долоон тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч эргэлтийн хөрөнгө тааруу учир үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрчээ.
Ургац хураах үед 150 хүртэл хүнийг улирлын чанартайгаар нэмж авдаг ч заримдаа ажиллах хүн ховор учир өргөст хэмх, зарим ногоог хаяхаас өөр аргагүй тохиолдол нэг бус удаа гардаг байна.
Дотооддоо үйлдвэрлэдэггүй шил, таглаа зэрэг сав баглаа боодолд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, энэ чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатайг дэд захирал Ц.Төгсөө хэлэв.
Мөн ногоочдыг усалгааны систем, хүлэмж, техник хэрэгслээр хангах, аграномич, технологич, бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг сургуулиа төгсөхөд нь тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллах нөхцөлтэйгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зэргээр дэмжихийг хүслээ.
“ГБТ-Трейдинг“ ХХК 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн “Газар шим” барааны тэмдэгтэйгээр худалдан борлуулдаг.
Үйлдвэр нь нэг цагт бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч 3,000-6,000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Тус компани 2021 онд 9 сая шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 29 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, 2.1 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Эх сурвалж: ЕТГ