/2022.05.31/: Даваа гарагт Европын холбооны удирдагчид Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээний багцын хүрээнд Оросын газрын тосны ихэнх импортыг хориглохоор тохиролцсон гэж Европын зөвлөлийн тэргүүн мэдэгдлээ.
ЕХ Оросын нефтийн асуудлаар хөдөлж байна:
Европын Холбоо оны эцэс гэхэд Оросын нефтийн импортын 90 хувьд хориг тавихаар тохиролцлоо гэж Европын зөвлөлийн удирдагчид даваа гарагт мэдэгдэв. Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен даваа гарагт болсон дээд хэмжээний уулзалтын дараа Оросын нефтийг танкаар тээвэрлэхийг хориглож, Оросын нефтийн импортын 10 хувийг бүрдүүлдэг Дружба хоолойн өмнөд хэсгийг салгана гэж мэдэгдэв.
Цаашдын хориг арга хэмжээ:
Фон дер Лейен мөн хэлэхдээ, Европын холбооны удирдагчид Оросын хамгийн том банк болох Сбербанкийг SWIFT сүлжээнээс хасч, Европын холбооны компаниуд Оросын хөлөг онгоцны даатгалд хамрагдахыг хориглож, Оросын компаниудад олон төрлийн үйлчилгээ үзүүлэхийг хориглохыг зөвшөөрчээ. Тэрээр ЕХ-ны нутаг дэвсгэрт ОХУ-ын мэдээллийн сувгийн нэвтрүүлгийг түр зогсооно гэж хэлсэн боловч ямар нэвтрүүлэгчийг түр зогсоохыг тодорхой хэлээгүй байна.
Донбассын төлөөх тулаан:
Украины зүүн хэсгийн Донбасс мужид ширүүн тулаан үргэлжилж, хэд хэдэн газар буун дуу тасрахгүй байгаа бөгөөд гол хот болох Северодонецкийн төлөөх тулаан ширүүссээр байна. Украины армийг Донецк, Луганск хотоос шахан гаргах нь Москвагийн нэн тэргүүний зорилт гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд хэлсэн юм. Украины арми өмнөд хэсэгт хийсэн сөрөг довтолгооныхоо үеэр ахиц дэвшил гаргаж, Донбаст Оросын довтолгоог зогсоох хүчин чармайлтаа үргэлжлүүлж байгаа талаар мэдээлэв.
"Газпром" нийлүүлэлтээ зогсооно:
Оросын төрийн эрчим хүчний аварга компани болох Газпром тавдугаар сарын 31-ний мягмар гарагаас эхлэн Голландын байгалийн хийн худалдааны GasTerra компанид нийлүүлэх байгалийн хийг тасална гэдгээ баталлаа. Даваа гарагт Данийн эрчим хүчний Ørsted компани болон Голландын хийн худалдааны GasTerra компаниуд ОХУ байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоож магадгүй гэж анхаарууллаа. Тэд рублиэр төлбөр хийхээс татгалзсан тул ийм үйл явдал болохыг таамаглаж байжээ. Учир нь хэдэн долоо хоногийн өмнө Польш, Болгар, Финляндад яг ийм асуудалж өрнөсөн юм.
Францын сэтгүүлч:
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський даваа гарагт Украинд амь үрэгдсэн Францын сэтгүүлч Фредерик Леклер-Имхоффын гэр бүлд эмгэнэл илэрхийлэв. Украины дайнд нийтдээ 32 сэтгүүлч амь үрэгджээ. Францын BFMTV мэдээллийн сувгийн сэтгүүлч 32 настай Леклерк-Имхофф "Оросын бөмбөгнөөс зугтахын тулд энгийн иргэдтэй хамт хүмүүнлэгийн автобусанд сууж байгаад буудуулж амиа алдсан" гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэв.