/2022.03.28/: УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар төсөлд тусгажээ.
Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ.
Хуралдааны үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Иргэд хяналт, шалгалтын байгууллага гэхээр дан ганц мэргэжлийн хяналтын байгууллага гэж ойлгодог. МХЕГ-аас байцаагчийн эрх авдаг 16 төрийн байгууллага бий. Эдгээр байгууллага 1290 орчим байцаагчтай. Тэгэхээр төрийн 17 байгууллага гурван жилийн хугацаанд зөвхөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага дээр төлөвлөгөөт хяналт, шалгалт хийнэ. Төлөвлөгөөт хяналт шалгалт бол манай нийт ажлын 30 хувь нь. Үүнээс гадна төлөвлөгөөт бус хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тандан судалгаа, хяналт шинжилгээ, зөвлөн туслах үйл ажиллагаа явуулдаг. Гурван жилийн хугацаанд эдгээр ажлуудаа илүү эрчимтэй хийнэ” хэмээн ярив.
Мэргэжлийн хяналтын байгууллага 2020 оны байдлаар, 210 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 160 мянга нь эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж дүгнээд, төлөвлөгөөт хяналт шалгалтыг 9900 гаруйд нь хийсэн байна.
Хуралдаанд оролцсон 40 гишүүний 25 нь буюу 62.5 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: УИХ