Д.Жаргал: Ковид цар тахлаас бид их зүйлийг мэдэж, туршлагажлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Жаргал: Ковид цар тахлаас бид их зүйлийг мэдэж, туршлагажлаа

Их эмч Д.Жаргал ажлын байрандаа

“Би хоёр ч удаа халдвар авч, уушгины хатгаа болон нэлээд хүнд туссан. Эхнийх дээрээ 7 хоног эмнэлэгт хэвтэж, гарч ирээд 3 хоноод л ажилдаа явсан” гэж Жаргал эмч ярьлаа. Д.Жаргал эмч БЗД-ийн 23-р хорооны “Нэмүүлэн” өрхийн эмнэлэгийн их эмч. Тэрээр энэ эмнэлэгт ажиллаад долоон жил өнгөрчээ.

Энэ хороонд 14 мянга гаруй хүн амьдардаг. Ковидын халдвар гарснаас хойш өнөөдрийг хүртэл 4272 хүн халдварт өртөж, 8 хүн амиа алджээ.

“Ковидын нэг онцлог нь хүн их мөнгө шаардахгүйгээр өөрийгөө тордох боломжтой. Мэдээж би халдвар авсныхаа дараа маш их ядарсан, хөлс асгаад л. Бас их мартамхай болсон. Ажил их болохоор завсар чөлөө гарвал л унтаж, амрахыг хичээдэг байсан. Бас ус сайн ууна, шөлтэй хоол иднэ. Мэдээж Д, С витаминаа хэрэглэж байсан” гэж Д.Жаргал эмч ярьлаа. Мөн тэрээр “Манай монголчууд юм л бол эмнэлэгт хэвтэх, эм, тариа хэрэглэх буруу хэвшилтэй болжээ” хэмээв.

Улсын хэмжээнд 469 мянган хүн халдварт өртөж, 2108 хүн нас бараад байна. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, халдвар аваад хүндэрлээ хэмээн дуудлага өгсөн ч 7-10 хоногийн дараа л эмнэлэгт хэвтэх боломжтой болж байв.

“Бие өвдөөд, ядраад байна, нойр хүрэхгүй байна гэсэн мөртлөө л хүмүүс утсаа маажаад байдаг. Дэлгэц хүнийг маш их ядрааж байгаа шүү дээ. Унтахаасаа хоёр цагийн өмнө дэлгэц ширтэхээ зогсоож, өөрийнхөө сэтгэл санааг удирдаж, амрах горимд оруулж сурах хэрэгтэй” гэсэн нь Жаргал эмчийн хүмүүст хандсан зөвлөгөө. Тэрээр “Бид ковид гэх энэ цар тахлаас олон зүйл сурч авлаа. Ахуйн хүрээнд гараа угаах, гэртээ оруутаа гадуур хувцсаа солих, олон хүнтэй газар маск зүүх зэрэг энгийн дадал хэвшил нь маш олон төрлийн өвчнөөс хамгаалдаг гэдгийг мэдлээ. Өөрийгөө болон бусдыгаа халдвараас хамгаалах аргуудад суралцлаа. Ер нь дахиад ийм олныг хамарсан халдварт өвчин гарлаа гэж бодоход иргэд нэлээд туршлагатай болсон. Эмнэлэгийн байгууллагынхан бид ч бас их туршлагажсан” гэлээ.

Д.Жаргал эмч өрхөөр ажиллаж, шинжилгээ авч буй нь

Д.Жаргал эмч нэгдүгээр сард буюу омикроны халдварын оргил үед дахин халдвар авчээ. Энэ үед тус өрхийн эмнэлэгийн ачааллын талаар Нэмүүлэн өрхийн эмнэлэгийн дарга, их эмч Г.Чанцалмаа:

Нэмүүлэн өрхийн эмнэлэгийн дарга, их эмч Г.Чанцалмаа

Манай өрхийн эмнэлэгт нэгдүгээр сарын дунд 10 хоногт ачаалал ихэссэн. 2022 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт ачаалал гайгүй, өдөртөө эерэг тохиолдол 2-4 гарч байсан. Гэтэл дунд үед өдөртөө 20-30 тохиолдол гарч байлаа. Өрхийн эмнэлэгт маань 8 эмч, 8 сувилагч ажилладаг. Нэг эмч, сувилагчид 1800 гаруй хүн ноогддог боловч тухайн үед дөрвөн эмч, хоёр сувилагч халдвар авчихсан байсан болохоор ачаалал нэлээд хүнд байлаа” гэсэн юм.

Нэмүүлэн өрхийн эмнэлэгийн эмч, сувилагч нар дуудлаганд гарлаа

Энэ жилийн хувьд омикроны тархалт нь Сар шинийн баяртай давхацсан. Гэвч хоёр жил хорионд байсан иргэд энэ жилээс дахин хоригдохыг хүссэнгүй. Одоогоор иргэд шинжилгээ ч өгөх нь эрс багассан бололтой. Өдөрт илрэх халдварын тоо 50-100 байна. Энэ тоо оргил үедээ өдөрт мянга давж байсан юм.

Сүүлийн үед Нэмүүлэн өрхийн эмнэлэгт ковидтой холбоотой дуудлага, үзлэг эрс цөөрчээ. Тиймээс тус эмнэлэг дээр ковидын вакцин тарьж байсныг болиулж, дүүргийн төвийн вакцины цэгт шилжүүлсэн байна. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн төвийн албаны дарга С.Гэрэлмаа "Халдварын тоо эрс буурч байна. Гэсэн хэдий ч иргэд вакцины нэмэлт тундаа хамрагдах нь зүйтэй. Ялангуяа суурь өвчтэй, өндөр настай, жирэмсэн гэх мэт иргэд хамрагдана. Манай улсад вакцины олдоц сайтай, сонголттой байгаа болохоор бусад улс орнуудтай харьцуулахад вакцинд хамрагдалт өндөр байгаа эерэг талтай" гэлээ.

Монгол Улсын хувьд хоёр тунд бүрэн хамрагдсан хүний тоо 2,1 саяд хүрчээ. Мөн гуравдугаар сарын 28-ны байдлаар дархлаа дэмжих I тунд хамрагдсан хүний тоо нэг сая 31 мянга, II тунд хамрагдсан хүний тоо 113 мянга гаруй байна.

Тавдугаар сарын нэгнээс иргэд үнэгүй үзлэг, оношилгоонд хамрагдана
Тавдугаар сарын нэгнээс иргэд үнэгүй үзлэг, оношилгоонд хамрагдана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.