/2021.08.05/: Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тэгвэл тус Ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд саарал ус ашиглах төслийн талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр:
-Саарал усыг хэрэглээнд нэвтрүүлэх тухай бид олон жил ярьж, хууль, эрх зүйн зохицуулалт бий болсон хэдий ч үр дүнтэй хэрэгжүүлэлт алга байна. Тухайлбал, Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай зэрэг хууль байна. Үүнтэй холбоотой долоон төрлийн стандарт бий.
Бид одоогийн нөхцөлд орон сууцны хороололд саарал усны хэрэглээг нэвтрүүлэхэд бэрхшээлтэй. Шинэ шугам хоолой, дэд бүтцийг бий болгох шаардлага үүснэ. Харин маш их цэвэр ус ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Жишээ нь, хотын ногоон байгууламж, гудамж талбай услах, газар тариалан эрхлэх, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, гал унтраах, уул уурхай, цахилгаан станцууд, барилга, автомашин угаалгын газрууд цэвэр усыг үйл ажиллагаандаа ашигласаар байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын 200 гаруй газар бий. Тэдгээрийн 34 нь л саарал ус хэрэглэдэг. Тиймээс бид 2030 он гэхэд нийслэлийн хэмжээнд саарал усны технологийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ эхний ээлжид авто угаалга, ногоон байгууламж, гудамж, талбайн усалгаа, гал унтраах ажиллагаанд саарал усыг хэрэглэнэ. Дараагийн удаад ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр, цахилгаан станцад саарал усаа ашиглана. Цаашлаад газар тариалан, ахуйн хэрэглээ, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саарал ус хэрэглэдэг болох юм.
Саарал усыг цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Тухайлбал, MCS, АПУ, Би Цэ Трейд ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж байна. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь өөрийн тоног төхөөрөмжөөр усаа цэвэршүүлэн, 150 автобусыг саарал ус ашиглан угааж байна. СЭМҮТ бага оврын цэвэрлэх байгууламжаар усаа цэвэршүүлэн ашигладаг. Ноос, ноолуур, арьс шир боловсруулах 11 үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламж барьж, саарал ус ашиглаж байна. Барилгын салбарт 12 аж ахуй нэгж бетон зуурмаг, цемент үйлдвэрлэлд жилд 11451 шоо метр хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа бол Эрчим хүчний салбарт ДЦС I, II, III ТӨХК жилд 4.769.448 шоо метр хаягдал усыг цэвэршүүлэн, эргүүлэн хэрэглэж байна.
Эх сурвалж: ulaanbaatar.mn