М.Мөнхболд: ₮ картаар нийтийн тээврийн төлбөр төлөх боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Мөнхболд: ₮ картаар нийтийн тээврийн төлбөр төлөх боломжтой боллоо

/2022.02.25/: Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр төлөлтийг хялбар болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд "Улаанбаатар Смарт Карт" ХХК нь Голомт банктай хамтран өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн ₮ картын үйлчилгээ нэвтрүүлжээ.

Энэ талаар "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболдоос тодрууллаа.

-Иргэд төлбөрийн ₮ картаар нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг хийж, зорчих боломжтой болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Бид нийтийн тээврийн төлбөр төлөлт, цэнэглэлтийг хялбарчлах арга замуудыг эрэлхийлж ирсэн. Үүний хүрээнд дотоодын арилжааны банкуудтай хамтарсан карт гаргах ажлуудыг судалсан. Голомт банктай хамтран гаргасан Үндэсний брэнд ₮ чиптэй картаар нийтийн тээвэрт төлбөр төлөх бололцоог бүрдүүллээ. Энэхүү үйлчилгээ өнөөдрөөс нэвтэрч байна. Тухайн картыг эзэмшсэнээр цэнэглэх шаардлагагүйгээр дансандаа мөнгөтэй бол нийтийн тээвэрт шууд үйлчлүүлэх боломжтой. Голомт банктай хамтарч гаргаж байгаа энэ картын давуу тал нь дэвшилтэт EMV/NFC технологи юм. ₮ картаар төлбөр тооцоо хийхэд хурдан болж байгаагаараа давуу талтай. Уг картыг Улаанбаатар хот дахь Голомт банкны бүх салбараас захиалж, үйлчилгээ авах бүрэн боломжтой.

-Карт захиалахад ямар төлбөртэй вэ?

-₮ картыг таван мянган төгрөгөөр захиалж авах боломжтой. Энэхүү карт нь дебит карт учир дансны доод үлдэгдлийн хэмжээ тогтоосон. Өөр нарийн шалгуур байхгүй. Иймд шууд захиалаад ашиглах боломжтой.

-Үндэсний брэнд төлбөрийн ₮ картаар зорчсоноор ямар давуу талууд бий болж байна вэ?

-Энэ нь Монголбанкнаас нууцлал аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн ажил гэдгээрээ онцлогтой. Иргэд нэг картаар өдөр тутмын худалдан авалт, үйлчилгээний төлбөр тооцоо хийхээс гадна нийтийн тээвэрт шууд үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн энгийн umoney картын адил дамжин суултын хөнгөлөлтийг эдлэх юм. Нийслэлийн зүгээс төлөвлөж буй богино эргэлтийг нэвтрүүлэхэд дамжин суултын хөнгөлөлт эдлэх төдийгүй урамшууллын хөтөлбөрт хамрагдах, оноо цуглуулах гэх мэт давуу тал үүснэ.

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан гэх мэт тусгай картаар зорчдог иргэд энэ картыг захиалж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой юу?

-Ямар ч насны хүмүүс ₮ картыг захиалах боломжтой. Харин нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчдог иргэн заавал энэ картаар солих шаардлагагүй.

Эх сурвалж: НЗДТГ

Уламжлалт анагаах ухааны салбарын хүрээлэн, эмнэлэг, сургуулиуд хамтарч ажиллана
Уламжлалт анагаах ухааны салбарын хүрээлэн, эмнэлэг, сургуулиуд хамтарч ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.