БАГШ НАР: Удирдах шатны хүмүүс худал ярьж, багш нарыг аргацаасан шийдвэр гаргаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАГШ НАР: Удирдах шатны хүмүүс худал ярьж, багш нарыг аргацаасан шийдвэр гаргаж байна

/2022.02.24/ Боловсролын байгууллагын багш ажилчид өнөөдөр БШУЯ-ны гадаа жагсаж шаардлага хүргүүллээ.

Багш, ажилчдын цугларсан шалтгаан нь БШУ-ны сайд 2021 оны арваннэгдүгээр сараас хойш багш нарын цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэнэ гэж хэлж байсан ч өнөөдрийг хүртэл тэдний цалин нэмэгдээгүй байна. Тиймээс нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн багш нар нийлж дуу хоолойгоо хүргэхээр ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа ажээ.

16 дугаар сургуулийн математикийн багш Д.Энхтуяа

Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн математикийн багш Д.Энхтуяа, "БШУ-ны сайд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл бидний цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Багш ажилчдын цалин улсын дундаж цалингаас доогуур байдаг. Улсын дундаж цалин 1 сая 300 мянган төгрөг.

Миний хувьд 34 жил багшилж байна. Гэтэл өнөөдөр 850 мянган төгрөгийн цалин авч байна. Тиймээс бид багш нарын дундаж цалинг улсын дунджаас 2 дахин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байгаа. Ингэвэл багш нарын цалин 2 сая 600 мянга болно. Ийм болгох боломж байгаа.

Удирдах шатны хүмүүс худал ярьж багш нарыг аргацаасан шийдвэр гаргаж байна. Цагаан сарын үеэр бид нар цалин нэмэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл баяр болохоос 2,3-хан хоногийн өмнө ямар ч нэмэгдсэн зүйл байхгүй хуучин цалин маань орсон байсан.

Түүнчлэн энэ сард цалин нэмэгдэнэ гэж багш нарт хэлсэн боловч одоогоор нэг ч төгрөг нэмэгдээгүй байна. Ийм байдалтайгаар бид нар ажиллаж байна.

Цар тахлын үед багш нар эмнэлгийн ажилчдаас дутахааргүй их ачаалалтай байсан.

Залуу багш нар ажлын ачаалал ихтэй цалин багатайгаас болж шууд ажлаа хаяад гарч байна. Эхний цалингаа аваад л амьдралд нь хүрэлцэхгүй учир гарч байх жишээтэй. Хэдхэн жилийн өмнө багш нарыг шалгаруулж авна гэдэг байсан бол одоо олдсоныг нь л шууд ажилд авдаг болсон. Манай салбар боловсон хүчний хомстолд орж байна. Бидний үеийн олон жил багшилсан, удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүс л үлдэж байна даа.

Үндсэн цалингаас нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар хасагдана. Ингэсээр байгаад 550 мянга ч хүрэхгүй мөнгө гар дээрээ авч байна. Сая багш нарын төлөөл орж БШУЯ-ны ТНБД-д шаардлага хүргүүлсэн. Багш нарыг дорд үзэхээ больё гэж дээд шатны удирдлагууд хэлмээр байна" гэсэн юм.

Мөн тэрбээр, "Бидний жагсаж байгаа өөр нэг шалтгаан нь сургуулийн үйлчилгээний ажилчдыг боловсролын байгууллагын харьяаллаас гаргасантай холбоотой. Яагаад гэдэг шалтгаанаа тайлбарлаагүй.

Сургуулийн орчинд ихэвчлэн бага насны хүүхдүүд байдаг. Ийм газар хэн гэдэг нь мэдэгдэхгүй дурын хүнийг авчраад ажиллуулах нь зөв үү. Хэдхэн жилийн өмнө нэг балмад этгээд хүүхэд хүчиндсэн хэрэг гарсан. Гэтэл олон жил ажилласан, ажилдаа мэргэшсэн хүмүүсийг ажлаас гаргаж байна. Эдгээр ажилчид бол хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг хүмүүс" гэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн багш Б.Сонинбаяр

Түүнчлэн өнөөдрийн жагсаалд ирсэн залуу багш нарын төлөөлөл болох Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн багш Б.Сонинбаяр дараах зүйлийг ярьж байлаа.

Тэрбээр, "Би зургаа дахь жилдээ математикийн багшаар ажиллаж байна. Сүүлийн үед залуу багш нарын тоо цөөрсөн. Шалтгаан нь цалин бага, ажиллах орчин муу байгаатай холбоотой. Миний үеийн залуу хүмүүс өглөөнөөс орой хүртэл 50 хүүхэдтэй зууралдаад, сарын 600-700 мянган төгрөгийн цалин аваад байж байна гэж байхгүй. Дөнгөж ажилд орж буй хүмүүс сард 600 мянган төгрөг авдаг. Гэтэл хичээлд ашиглах хэрэглэгдэхүүнээ бүгдийг нь өөрсдөө авдаг.

Манай салбарын боловсон хүчин муу байгаагийн шалтгаан цалинтай холбоотой. Тиймээс багш нарын цалинг нэмчихвэл бусад жижиг асуудал шийдэгдэнэ гэж бодож байна" гэсэн юм.

Өнөөдрийн жагсаалд хөдөө орон нутгаас мөн багш нар ирж эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэхээр санал нэгдлээ
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэхээр санал нэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.