/2022.02.07/ ХУД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бага насны охиныг нэгэн эмэгтэй худал хэлж дагуулж явсан хэрэг энэ сарын 5-ны өдөр гарчээ.
Тодруулбал, "7 настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна" гэх дуудлага мэдээлэл тухайн өдрийн 18 цаг 20 минутад Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь энэ сарын 5-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаяганд ирж “хамт тоглоомын талбайд тоглоё” гэж худал хэлж гэрээс авч явжээ. Түүнийг өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан байна.
Охиныг ар гэрт нь хүлээлгэн өгч, гэмтлийн зэргийг нь тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргажээ. Иймд эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ганцааранг нь явуулахгүй байхыг анхааруулж байна.