/2022.02.04/
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо болж буй өвлийн XXIV олимпын нээлтийн ажиллагаанд оролцож байна. Энэхүү арга хэмжээнд нийт 32 улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцож буй ажээ.
Өвлийн XXIV олимпын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин болон Жанжякөү хотод тус тус явагдаж байгаа бөгөөд Бээжин хот нь өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж байна.
Биатлон, уран гулгалт, бобслей, кёрлинг, хоккей, чарга, тэшүүр, цана зэрэг үндсэн долоон спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө 3000 гаруй тамирчин өрсөлдөнө.
Монгол Улс 1964 оны өвлийн олимпод анх оролцсон бөгөөд 15 дахь наадамдаа оролцож байна.
“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадмын цанын төрөлд манай улсаас гурван тамирчин өрсөлдөнө. Ерөнхий сайд тамирчдадаа амжилт хүслээ.
Маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.