/2022.01.31/: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж дууслаа. Энэхүү ээлжит бус чуулганаар иргэдийн хүсэн хүлээж байсан тэтгэврийг нэмэх эсэх асуудлаар хуралдсан бөгөөд хуралдааны шийдвэрийн тухай ХНХ-ын сайд өөрийн цахим хуудсаар мэдээлжээ. Тэрээр:
-Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр эцэслэн баталлаа.
Одоо дараагийн процессын хувьд:
- Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурж ёсчилно.
- Ёсчилсон хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
- Хууль, тогтоолыг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ.
Дээрх бүх процесс одоо хийгдэж байгаа бөгөөд Засгийн газар үүний дараа хуралдаж яг хэдэн төгрөгөөр яаж нэмэх талаар тогтоол батлана.
Тогтоолын дагуу тооцооллоо банкуудад өгч, банкууд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулна.
Ахмад, буурлууд маань эрт банкруу явахвий. Үр хүүхдүүд нь дансыг нь эхлээд шалгаж өгөөрэй. Бид чинь бүх тэтгэврийг дансанд хийдэг болчихсон шүү дээ.
Дахиад жаахан хүлээзнээрэй. Бид хичээн ажиллаж байгаа шүү гэжээ