/2022.01.31/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Гадаадаас 500 сая доллар зээлж авсан ч эрх мэдэлтэй хүмүүс хувааж аваад идчихсэн байна. Энэ өрийг ирэх онд төлнө. Үүнтэй холбоотойгоор ямар хүндрэл үүсэх вэ. Эрх мэдлээрээ далайлгаж зээл авчхаад одоо Хөгжлийн банк дампуурах хэмжээнд хүрчхээд байна. Энэ бол ёс зүйн асуудлаас хэтэрсэн бараг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Хөгжлийн банк 2020 дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ЗГ-ын шийдвэрээр Сангийн яамд харьяалагддаг болсон. Энэ яамд харьяалагддаг болсон цагаас зээлээ эргэн төлөөгүй 19 зээлдэгчийг шүүхэд өгсөн. 6 зээлдэгчийн материалыг Сангийн яамны Мөнхсүх даргатай удирдлагын ажлын хэсэг хүлээлгэж өгсөн. Өнөөдөр нийт 25 зээлдэгчийн 900 орчим тэрбум төгрөг шүүхэд дээр явж байна. Зарим материал шүүхээс буцсан. Яагаад гэхээр эцсийн хэрэгжүүлэгч гэдэг зүйлийг МУ-д хэрэгжүүлдэггүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Эцсийн өмчлөгчийн нэр устай нь зарлах хэрэгтэй. Ингэж улс орныг дампууруулж болохгүй.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Тантай санал нэг байна. Хөгжлийн банкнаас зээл авчхаад эргүүлж төлдөггүй хүмүүсийг институтээр нь нэг бүрчлэн УИХ-ын танхимд ярих ёстой. Эцсийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг тогтоох ёстой. Төрийн мөнгөний хойноос 76 гишүүн бүгд хөөцөлдөхгүй бол болохгүй болчхоод байна.