/2022.01.31/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-УИХ өнөөдөр тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох маш чухал шийдвэрийг гаргах гэж байна. Гэхдээ хамгийн гол зүйл нь тэтгэвэр бага байгаа шалтгааныг УИХ-ын гишүүд олж тогтоох ёстой.
7 жилийн дунджаар тэтгэвэр нэмнэ гэвэл тэтгэвэрт гарч буй иргэдийн 80 хувь нь 500 мянган төгрөг авч чадахгүй. Тиймээс 5 жил болгож байж олон ахмад настан 500 мянган төгрөг авах боломжтой. Тиймээс ахмадууд тэтгэврийн доод хэмжээ 500 мянга болчихлоо гэж санаа амарч болохгүй.
Хэдэн жил байж байгаад одоо тэтгэвэр нэмнэ гэхээр энэ нь эдийн засагт тодорхой хэмжээний хүндрэл үүсгэнэ. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх юм бол жил бүр тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт шаардана. Энэ хуулийг хэрэгжүүлээд явбал цаашид жилд 50 тэрбум төгрөг зарцуулж ахмадын тэтгэврийг нэмээд явах боломжтой. Мөн тэтгэврийн зөрүү арилна. Түүнчлэн тэтгэврээр дамжуулж Монголбанк, МУ-ын Засгийн газар хэр сайн ажиллаж байгааг хянах боломжтой гэв.