Анх удаа төрийн байгууллагад хүний нөөцийн аудит хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анх удаа төрийн байгууллагад хүний нөөцийн аудит хийжээ

/2022.01.20/: Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр Төрийн албаны тухай хуульд тусгагдсан нь төрийн албаны шинэтгэлийн нэг томоохон алхам болсон билээ.

Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн аудитын 2021 оны төлөвлөгөө”-нд төрийн захиргааны төв байгууллага буюу яамдад хүний нөөцийн аудитыг хийхээр төлөвлөсний дагуу 2021 оны 11, 12 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн аудитын баг бүрэлдэхүүн Эрчим хүчний яаманд хүний нөөцийн аудитыг хийж гүйцэтгэжээ.

Хүний нөөцийн аудит нь төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа хууль тогтоомж, чадахуйн зарчимд нийцэж байгаа эсэхийг үнэлэх, баталгаажуулах зорилгоор бодит нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргаж, хэрхэн засаж сайжруулах талаар зөвлөмж өгөх, түүний хэрэгжилтийг хангуулах хараат бус, бие даасан үйл ажиллагаа юм.

“Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын хэрэгжилт” сэдвээр Эрчим хүчний яаманд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллагад хийж байгаа анхны хүний нөөцийн аудит болсон бөгөөд Эрчим хүчний яамны хүний нөөцийн бодлогын баримт бичиг, яамны бүтэц, зохион байгуулалт, албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд томилсон нөхцөл байдал, албан хаагчдын боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагад тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа байдал, сургалтын бодлогыг хэрэгжүүлсэн байдлыг тодорхойлох 5 зорилтын хүрээнд хийгдэж 5 бүлэг бүхий 33 дүгнэлтийг гаргасан байна.

Аудитын дүгнэлтэд тус байгууллага албан хаагчдаа шатлан дэвшүүлж томилдог, урт хугацааны чөлөөтэй байгаа албан хаагчдын ажлын байрыг хэвээр хадгалдаг, албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж байгаа нөхцөл байдлын талаар дурджээ.

Үүний зэрэгцээ тус яамны чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт ороогүй байхад байгууллагын зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн, албан хаагчдыг албан тушаалд томилсон зарим шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй, албан тушаалын тодорхойлолтын зарим тусгай шаардлага хангагдахгүй байгаа, төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгөгүй зэрэг дутагдалтай талуудыг дүгнэж тайланд дурдсан байна.

Хүний нөөцийн аудитын гол зорилго нь төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг үнэлж, дүгнэсний үр дүнд зөвхөн тухайн байгууллагад зориулан хуулийн хэрэгжилтийг хангах, алдаа дутагдлыг засах, цаашид Эрчим хүчний яамны хүний нөөцийн үйл ажиллагаанд чадахуйн зарчмын хэрэгжилтийг хангах хүрээнд 12 чиглэлээр зөвлөмж гаргаж Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталгаажууллаа.

Улмаар Эрчим хүчний яам уг зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж, биелэлтийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд танилцуулах юм.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолоор “Хүний нөөцийн аудитын 2022 оны төлөвлөгөө”-г баталсны дагуу энэ онд төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилт сэдвийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн үйл ажиллагааны 23 асуудлыг хамруулан Засгийн газрын яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагад хүний нөөцийн аудитыг хийхээр төлөвлөсөн болно.

Эх сурвалж: ТАЗ

Ч.Номин: Технологийн дэвшил нь соёлын өвийн хэрэглээг бууруулах хандлагатай байгаа
Ч.Номин: Технологийн дэвшил нь соёлын өвийн хэрэглээг бууруулах хандлагатай байгаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.