/2021.12.21/: Даваа гарагт Бавари дахь авто зам дээр хагас ачааны машин АНУ-ын цэргийн машиныг санамсаргүйгээр мөргөсөн хэмээн Германы цагдаа мэдэгдэв.
Ослын улмаас ачааны машины жолооч газар дээрээ нас барсан байна. "Одоогоор" АНУ-ын цэргийн албан хаагчдын дунд ямар нэгэн гэмтэл бэртэл авсан хүн байхгүй гэж АНУ-ын арми мэдэгдсэн ч найман цэргийг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэж 7-р армийн сургалтын командлалын хэвлэлийн төлөөлөгч Дональд Вренн мэдэгдэв.
Осол хэрхэн гарсан бэ?
АНУ-ын цэргийн машинууд замын хажуу эгнээнд зогсож байх үед ачааны машин ирж мөргөсөн байна. АНУ-ын армийн ажилтнууд Бавари дахь А3 хурдны зам дээр Нюрнбергээс зүүн өмнө зүгт орших Неймаркт дер Оберпфальцын ойролцоо дөрвөн машин нь замын хажуу эгнээнд зогссон гэж мэдэгдэв.
Дөрвөн машин Хохенфельсээс Графенвёр руу явж байсан бусад машины цуваанаас тусгаарлагдсаны дараа замын хажуугаас хөдөлж байжээ. Цагдаа нарын хэлснээр, иргэний ачааны машин цэргийн машинуудыг араас нь мөргөж улмаар түүний ачааны машины бүхээг шатсан гэж Германы dpa агентлаг мэдээлэв.
Ослын улмаас гурван машин эвдэрсэн гэж АНУ-ын арми мэдэгдсэн ба ослын улмаас олон автомашин бөөгнөрөл үүсэж гал гарснаас болж хэд хэдэн машин шатаж, их хэмжээний утаа агаарт цацагдсан гэж цагдаа нар мэдэгдэв.
Ослын дараа юу болсон бэ?
Германы Bild сонины мэдээлснээр, мөргөлдөөн болох үед ачааны машин модны үртсээр дүүрэн байсан тул гал гарсан гэнэ. Цагдаа нар АНУ-ын армийн хоёр машин нь 2500 литр онгоцны түлш тээвэрлэх хүчин чадалтай түлшний танктай байсан ч азаар аль нь ч галд өртөж асаагүй ба аврах ажиллагааг нэг цэгт үргэлжлүүлэхийн тулд түлшийг шахах шаардлагатай болсон гэж цагдаа нар тэмдэглэжээ.
Цагдаа нар жолоочийг ачааны машины бүхээгнээс гаргах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн бөгөөд жолооч амьд үлдэх магадлал багатай байсан гэж мэдэгджээ. Ослын улмаас А3 хурдны замын хоёр чиглэлийн зам хаагдсан байна. Энэ явдлаас хэдэн цагийн дараа ч Нюрнберг хүрэх замд Парсберг болон Велберг уулзваруудын хооронд зам хаагдсан хэвээр байгаа гэнэ.
Графенвёр хотод байрладаг АНУ-ын долоодугаар армийн сургалтын командлалын нэгдсэн зэвсгийн сургалтын төв нь дэлхийн хоёрдугаар дайны дараа 1948 онд байгуулагдсан ажээ.
Эх сурвалж: DW