/2021.12.13/ АНУ-ын Кентакки мужид хар салхины улмаас 70 гаруй хүн амиа алджээ. Хохирогчдын тоо зуу хүрч магадгүй гэж мужийн амбан захирагч Энди Бешир мэдэгдсэнийг CNN агентлаг мэдээллээ. Түүний хэлснээр, "Кентакки муж түүхэндээ ийм хүчтэй хар салхитай тулгарч байгаагүй" гэнэ.
Тус мужид онцгой байдлын дэглэм тогтоож, үр дагаврыг арилгахаар ажиллаж байна.
Өнгөрсөн шөнө АНУ-ын зүүн хэсэгт гамшиг болсон ба Иллинойс, Миссури, Арканзас, Теннесси зэрэг мужууд мөн хар салхинд өртсөн байна.
Теннессигийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны профессор Андрей Коробков гамшигт нэрвэгдсэн бүс нутагт болж буй үйл явдлын талаар Business FM-д ярьжээ.
Мэйфилд дэх лааны үйлдвэрийн 100 гаруй ажилчдыг ажиллаж байх үед хар салхи болжээ. Ажилчдын нэг болох Кианна Парсонс-Перес хэдэн цагийн турш барилгын нурангин доороос гарч чадахгүй байхад түүнийг 39 хүний бүрэлдэхүүнтэй аврагчид татан гаргажээ. Кианна CNN-д өгсөн ярилцлагадаа "Үйлдвэр бол хөзрөн байшин шиг байсан" гэж энэ үйл явдлыг дүрсэлжээ.
"Энэ бол миний амьдралдаа учирсан хамгийн аймшигтай нөхцөл байдал байсан. Миний хөл бүрэн гацсан, чих бөглөрсөн. Барилга бүхэлдээ хүчтэйгээр хөдлөх шиг болж, дараа нь бүх зүйл нурсан. Аврагчид бусад хохирогчдод туслаж байхад бид ингээд л дуусдаг юм байж гэж бодогдож байсан. Тиймээс би датагаа ашиглан видео хийж фэйсбүүкээр цацсаны ачаар амьд үлдлээ" гэж ярьжээ.
Түүнчлэн Кентакки, Теннесси мужид агаар мандлын тархалтын улмаас 200 мянга гаруй хүн гэрэл, цахилгаангүй үлджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад туслахын тулд холбооны нөөцийг хуваарилахыг тушаажээ.
Эх сурвалж: Bfm