/2021.12.10/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус газрын дарга Б.Болор-Эрдэнэ, "Нийтийн мэдээллийн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль, Цахим гарын үсгийн тухай хуулиудыг өчигдөр УИХ-ын чуулганаар оруулж, эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Батлагдахад бэлэн болсон гэж хэлж болно. Эдгээр хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглох юм. Иргэн төрийн байгууллагуудаар ямар нэг бичиг бариад гүйх асуудал цаашид байхгүй болно. Төрийн байгууллагууд мэдээллээ хоорондоо солилцож иргэнд чирэгдэл учруулахгүй байхыг хуулинд тусгасан. Ингэснээр иргэнээс бичиг баримт шаардсан төрийн албан хаагч өөрөө хариуцлага хүлээх заалт орж буйгаараа Нийтийн мэдээллийн хууль онцлогтой.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль нь ардчилсан нийгэмд иргэн өөрийн мэдээллийг хянах эрхээ эдлэх гол хууль гэж үзэж байгаа. Монгол Улсын иргэний хувийн мэдээлэл рүү хэн нэгэн зөвшөөрөлгүй халдсан, ялангуяа төрийн албан хаагч тухайн иргэний датаг үзсэн тохиолдолд иргэнд E-Mongolia нэгдэн системээр мэдэгдэл очно. Ингэснээр тухайн иргэн E-Mongolia-д гомдол гаргах боломж бүрдэж байгаа.
Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр цахим гарын үсэгтэй болно. Улмаар зөвхөн төр гэлтгүй хувийн хэвшлийн салбарууд тэр дундаа технологи ашиглаж, гэрээ хэлцэл хийдэг салбарууд хурдтай хөгжих боломжтой гэж харж байна" гэлээ.