Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

/20212.07.28/: БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв.

Хоёр улс Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэв.

Ковид-19 цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргав.

Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцлон тэмдэглэлээ.

Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.

Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов. Мөн Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

Талууд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг нарийвчлан ярилцахаар тогтов.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцов.

Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр цөлжилт, шороон шуургатай тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. “Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол”-д гарын үсэг зурсан болон “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ыг шинэчлэн байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 8740 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 8740 иргэнийг дархлаажуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.