Өмнөд Солонгосын МВС телевизийн суваг Токио-2020 олимпийн нээлтийг шууд дамжуулж байхдаа улс орнуудыг ёс бус зургаар танилцуулжээ.
Үүнийхээ хариуд тэд уучлалт гуйсан байна.
МВС суваг нь Итали улсын баг тамирчид гарч ирэх үеэр пицца, Гайти тамирчдыг гарч ирэхэд үймээн самууны зураг, Украйны тамирчдыг Чернобилийн зургаар, Норвегийн тамирчдыг гарч ирэхэд хулд загасны зургийг тус тус харуулжээ.
Түүгээр ч үл барам олимпийн нээлтийг тайлбарлаж байсан тайларлагч нь Маршаллын арлуудыг “Нэгэн цагт АНУ-ын цөмийн туршилтын талбар байсан”, Сири улсыг “Иргэний дайн нь 10 жилийн турш үргэлжилж буй” гэх мэтээр өгүүлжээ.
МВС телевизийн эдгээр бүдүүлэг тайлбар, зураглалыг солонгосын сошиал орчинд ихээр шүүмжилжээ. Тиймээс телевизийн зүгээс “Бид улс орныг илэрхийлж, зарим зургийг тайлбарлахдаа тохиромжгүй зураг, тайлбар ашиглажээ. Бид Украйны ард түмнээс болон өөрийн үзэгчдээсээ уучлалт хүсэж байна” гэжээ.
Эх сурвалж: Korea Times