/2021.10.23/ Жүжигчин Алек Болдуин шинэ киноныхоо зураг авалтын үеэр гарсан хүн амины хэргийн дараа олон нийтэд анх удаа мэдээлэл хийлээ.
Болдуин баасан гарагт твиттер хуудсандаа "Эхнэр, ээж болон бидний маш их хүндэлдэг хамтрагч Халина Хатчинсын амь насыг авч одсон аймшигт ослоос болж цочирдон, харамсаж байгаагаа илэрхийлэх үг олдохгүй байна. Би энэ эмгэнэлт хэрэг хэрхэн гарсан талаар цагдаагийн байгууллагатай бүрэн хамтран ажиллаж, нөхөртэй нь холбогдож, түүнд болон гэр бүлд нь дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Нөхөр, хүү, Халинад хайртай, түүнийг мэддэг байсан бүх хүмүүсийн өмнө сэтгэл минь шархалж байна" хэмээн жиргэжээ.
Зураг авалтын багийн гишүүн Бонанза Крик "Найруулагч болон зураглаач эмэгтэй буудуулчихлаа, бидэнд тусламж хэрэгтэй байна" гэж 911-т дуудлага өгчээ.
Алек Болдуин Нью Мексико мужид “Rust” уран сайхны киноны зураг авахуулж байжээ. Жүжигчин энэ үеэр хоосон сумтай жинхэнэ гар буу ашигласан байна. Гэтэл буунд жинхэнэ сум байсны улмаас кино зургийн дарга, 42 настай Халина Хачинс амиа алдаж, киноны найруулагч, 48 настай Жоэл Соуза шархдаж эмнэлэгт хүргэгджээ.
Хууль сахиулах байгууллагынхан "Зураг авалтын талбайд винтов буу ашигласан байх магадлалтай бөгөөд ямар төрлийн сум ашигласныг мөрдөгчид шалгаж байна” гэв.
Энэ төрлийн үйлдвэрлэлийн осол өмнө нь гарч байсан юм. Тухайлбал, Брюс Лигийн хүү жүжигчин Брэндон Ли 1993 онд "Хэрээ" киноны зураг авалтын үеэр бууны суманд өртөж амиа алдаж байв. Түүнчлэн 1984 онд жүжигчин Жон-Эрик Хексум "Cover Up: Golden Opportunity" киноны зураг авалтынхаа үеэр толгойдоо буу тулгаж, санамсаргүйм гохыг нь татан нас барж байжээ.