/2021.10.21/: УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан Э.Батшугар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдэд өөрийн сэтгэгдлээ хуваалцсан билээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Юуны өмнө энэ сайхан завшааныг ашиглан СХД-ийн нийт сонгогчиддоо баярлалаа гэж хэлье. Та бүгдийн итгэл миний хувьд маш том үүрэг хариуцлага юм. Та бүгдийн итгэж өгсөн үүрэг, хариуцлагыг ажлын үр дүнгээр харуулах болно. Мөн танхимынхаа хамгийн залуу гишүүн болж байгаа тул залуучуудынхаа дуу хоолой байхыг хичээнэ.
Манай дүүрэгт авто зам, сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, гэр хороолол их гээд тулгамдсан асуудлууд ихтэй байгаа учир миний хувьд бусад гишүүдтэй хамтран энэ асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллана.
Сонгуулийн тойргийн ирцийн хувьд манай тойрог бол 49 хувь хүрсэн нь тийм чамлахаар тоо биш. Намрын нөхөн сонгуулийн үед маш олон хүн хөдөө ажлаар явсан байж таардаг нь бас сонгуулийн ирцэд нөлөөлсөн. Миний төлөө саналаа өгсөн өгөөгүй нийт сонгогчиддоо өөрийгөө ажлын үр дүнгээр харуулах болно.