2021.07.23
Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:
Улаанбаатар хотод шинжилгээ авахад эерэг илрэх хувь буурч байна. Эерэг гарах 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 16 хувьтай байна. Хамгийн дээд тал нь 30 хувь хүрч байсан.
Өвчлөлийн нөхцөл байдал тогтворжиж байна. Нийслэлд тархалтын эрч эрс саарч байна. Цаашдаа хүн амын хөдөлгөөн нэмэгдвэл тархалт нэмэгдэх эрсдэлтэй хэвээр байгааг анхаарууллаа.
Иргэд маскаа зүүж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой. Харин гадаа орчинд байх үед эргэн тойрны 2 метр орчим зайд хүн байхгүй бол маскаа авч болно. Дэлхий дахинд дараагийн давлагаа гарах эрсдэл хэвээр байгааг ДЭМБ-аас мэдээлж буй.
Коронавирусын дельта хувилбараас сэргийлэх хамгийн үр дүнтэй аргыг вакциндаа бүрэн хамрагдах гэж үзжээ. Энэ нь нас баралт, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулж байгаа юм.
Харин нэг тун вакцин хийлгэсэн хүмүүсийн хувьд:
- Дельта хувилбараар өвчлөх эрсдэл 33 хувь
- Альфа хувилбараар өвчлөх эрсдэл 50 хувиар буурсан байна.
АНУ-д коронавирус туссанаас болж нас барсан нийт иргэдийн 95 хувь нь вакциндаа хамрагдаагүй байсан байна. Дэлхий дахинд үйлдвэрлэгдэж буй вакцин хүний биед адил нөлөөлж дархлаа тогтооно, сайн муу гэх ялгарал байхгүй хэмээн ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан мэдэгдлээ.
Иргэн та өөрийнхөө төлөө вакциндаа бүрэн хамрагдаарай. Өнөөдөр дархлаажуулах цэгийн байршлыг энд дарж харна уу.