/2021.10.21/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга нөхөн сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар мэдээлсэн юм. Үүний дараагаар УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр, "Ардчилсан төр улс гэдэг төрийн байгууллагаа шударга сонгож, бүрдүүлдэг байх ёстой. Гэтэл энэ тогтолцоо алдагдаад их олон жил болж байна. Сонгуулийн хуулийг өөрчлөх замаар засгийн эрхийг авдаг болсон. Шударга сонгууль болсон бол нөхөн сонгуулийн үр дүн ингэж гарахгүй. Та нарын хүч чадал дийлдэхээргүй болсон. Одоо ард түмнийхээ төлөө юм хий л дээ. Би мөнгөний сонгууль хийдгээ болиоч гэж зөндөө хэлсэн. Сонгогч тутамд ухуулагчийг цалинжуулдаг. Энэ бол сонгогчид авлигал өгч байгаа нэг хэлбэр. Хэсгийн хороонд орон тооны хүн ажиллуулдаг болсон. Иргэдийн буруу байхгүй л дээ. Ядарсан хүмүүст 500 мянган төгрөг өгье, хүүхдийн чинь төлбөрийг төлөөд өгье гэхэд л уухайн тас сонгоно. Ямар хүн дэвшиж байгаа нь огтхон ч хамаагүй. Тиймээс энд орж ирээд "сонгууль их сайхан, шударга боллоо" гэж яриад нэмэргүй. Эрх баригч нар бүх зүйлийг хүчээр шийдэж байна. Үлдсэн хоёр суудлыг луйвардаж, мөнгө тарааж авсан. Худлаа юм уу" гэв.