/2021.09.16/: Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77%-ийг Халдварт бус өвчин эзэлж, нас барсан 3 тохиолдол бүрийн 1 нь зүрх судасны өвчний шалтгаантай байна.
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчлөл болон ЗСС-өөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас Пэн хайртс (PEN HEARTS) загвар төслийг санаачилсан бөгөөд манай улс 2019-2020 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул аймгийн 16 эрүүл мэндийн төвд амжилттай хэрэгжүүлсэн.
Энэхүү загвар төслийг хэрэгжүүлсэн хугацаанд тархины харвалтын шалтгаант нас баралт Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурч, зүрх судасны өвчин, цусны даралт ихдэлт, чихрийн шижин өвчний хяналт сайжирч, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх өвчтөний тоо буурсан байна. Иймд ЭМЯ, уг загвар төслийг “МонПЭН санаачилга” болгон өргөжүүлж, Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн 132 эрүүл мэндийн төвд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг төслийн нээлт өнөөдөр Дорнод аймагт боллоо.