/2021.09.15/: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2021 оны есдүгээр сарын 14-ний өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкофыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Канад улсад зохион байгуулагддаг англи, франц хэлний урт хугацааны дамжаа, англи хэлний багшийн дамжаа, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр богино хугацааны сургалт, дамжаануудад суралцах боломж олгон цэргийн алба хаагчдын сургалт, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн Канад улсын засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф Бээжин хотоос Монгол улсыг хавсран суугаа Канад улсын цэргийн атташе болон Канадын Зэвсэгт хүчний сургагч багш нарыг Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны Эрэлд” олон улсын сургуульд урьж оролцуулдагт Батлан хамгаалахын сайдад хариу талархал илэрхийлэв.
Уулзалтаар хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцохоос гадна Афганистан улсад үүсээд буй нөхцөл байдал, бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын тогтоосон хамтын ажиллагаа олон жилийн турш тасралтгүй хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлэн, цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, тэр дундаа цэргийн боловсролын чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлж, илүү олон чиглэлд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.