“Намрын ногоон өдрүүд“ арга хэмжээ есдүгээр сарын 16-наас 23-ны хооронд болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Намрын ногоон өдрүүд“ арга хэмжээ есдүгээр сарын 16-наас 23-ны хооронд болно

/2021.09.09/ ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар тодрууллаа.

-Уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ жилийн хувьд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд олон нийтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон тайлан болно гэж бодож байгаа. Аж ахуйн нэгжүүд шинээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах, ногоочид ургацын талбайгаас хураасан ногоогоо шинээр нь борлуулах боломжтой. Мөн хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинээр оролцож байна.

-Хэзээ зохион байгуулах вэ?

-Нэгдсэн арга хэмжээг 2021 оны 9-р сарын 16-наас 23-ны хооронд зохион байгуулна. Энэ жилийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал учир Төв цэнгэлдэх хүрээлэн буюу задгай талбайг сонгосон. Зохион байгуулалтын явцад хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах ёстой. Оролцогч иргэд орох гарах урсгалтай, аж ахуйн нэгжүүд ч халдвар хамгааллаа баримталж үйлчилгээгээ үзүүлнэ.

-Энэ жилийн онцлог юу байх вэ?

Урьд нь гол төлөв Мишээл экспод зохион байгуулж байсан. Энэ жил гадаа талбайд зохион байгуулж байгаа учраас оролцох аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээ нэмэгдэж байна. Зөвхөн худалдаа арилжаанаас гадна шинэ бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж мэдээлэл өгнө. Тухайлбал, тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хувьд тухайн тэжээлийн нэр төрөл, шинээр бий болгосон эрдэс тэжээлүүд, малыг тэжээхийн тулд ямар арга барил шаардлагатай зэрэг мэдээллийг танилцуулна. Хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ковидын нөхцөл байдалтай уялдуулаад амин дэм агуулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна. Мөн хүүхэд залуучуудад зориулж сонирхолтой, зураг авах бололцоотой үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаад байна.

-Орон нутгаас аж ахуйн нэгжүүд хэр оролцож байна. Оролцох аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Аймгуудаас аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирж оролцоно. Орон нутагтаа тэргүүний, сайнд тооцогддог, сүүлийн үед шинээр бий болгосон, инноваци шингээсэн бүтээгдэхүүнийг оролцуулахыг зорьж байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч идэвхтэй байгаа. Аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газар бүртгүүлээд тэндээс шалгарсан бараа бүтээгдэхүүнийг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцуулж, сурталчилгаа танилцуулгаа хийж, бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгож байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Г.Энхтайван: Зах зээлд гарч буй койнууд төлбөрийн хэрэгсэл болохгүй
Г.Энхтайван: Зах зээлд гарч буй койнууд төлбөрийн хэрэгсэл болохгүй
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.