/2021.09.09/ Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2021-2024 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн стратегиа өнөөдөр эхлүүлж байна.
Энэхүү түншлэлийн стратеги нь коронавируст өвчлөлийн (КОВИД-19) цар тахлыг даван туулж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох бат бөх суурийг тавихад Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжих АХБ-ны үйл ажиллагаа нь хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломж, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжил хэмээх стратегийн гурван тэргүүлэх чиглэлийг баримтлах юм.
“Монгол Улсын хамгийн том хөгжлийн түншийн хувьд АХБ нь өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааныхаа бат бөх сууринд түшиглэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хүчин чармайлтуудыг эрчимжүүлж, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор инновацийг нэвтрүүлэхийн зэрэгцээ КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээгээр дамжуулан эрүүл мэнд ба нийгмийн хамгааллын салбарт урт хугацааны, бодит шинэчлэл хийхэд анхаарна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Мөн бид КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээг үргэлжлүүлэхийн хажуугаар шинээр үүсэж болзошгүй сорилтуудад бэлэн байхын тулд үйл ажиллагааныхаа уян хатан байдлыг хангах болно” хэмээн онцлон тэмдэглэв.
АХБ нь Түншлэлийн стратегийн эхний тэргүүлэх чиглэлийнхээ хүрээнд КОВИД-19 цар тахалд өртсөн иргэд, албан байгууллагад хүрэх санхүүгийн үйлчилгээ, ажлын байр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ур чадвар хөгжүүлэх боломжуудыг нэмэгдүүлэх замаар цар тахлыг даван туулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ. Мөн Монгол Улсын цаашдын өсөлт хөгжлийг бэхжүүлэх зорилгоор КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын дунд хугацааны шинэчлэлтэй уялдуулахад дэмжлэг үзүүлж, инновацийг нэвтрүүлэн ажиллана.
Стратегийн 2 дахь тэргүүлэх чиглэлийн хүрээнд АХБ нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зам тээвэр, биет харилцаа холбооны салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг төлөвлөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ хөдөө орон нутагт тогтвортой хөгжлийн боломжуудыг бий болгоно. АХБ-наас эдгээр хөрөнгө оруулалтын төслүүддээ арчилгаа үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгүүдийг оруулах, уур амьсгалд тэсвэртэй шийдлүүдийг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих хамтарсан санхүүжилтийн механизмуудыг ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн хөрөнгө оруулах боломжуудыг нэмэгдүүлэх замаар шинэчлэлийг түүчээлэн ажиллана.
Харин 3 дахь тэргүүлэх чиглэлийн хүрээнд макро эдийн засгийн болон бүх талын тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд анхаарч, нөөцийн тогтвортой хэрэглээ, ногоон хөгжлийг дэмжинэ. АХБ нь Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх, тэр дундаа нүүрсний хэрэглээг аажмаар багасгах, мал аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсын хөгжлийн замналыг тодорхойлсоор ирсэн байгалийн нөөцийн хэт хэрэглээнээс татгалзах замаар Монгол Улсын хөгжлийг илүү ногоон болгоход нь тусламж үзүүлнэ.
Шинэ түншлэлийн стратегийн хүрээнд АХБ-наас нийт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дүнг бууруулахгүйгээр төсөл хөтөлбөрийн тоог цөөлөхөд анхаарна. Үйл ажиллагааны төлөвлөлтөд илүү нарийвчилсан шалгууруудыг нэвтрүүлснээр Засгийн газарт олгох нийт санхүүжилтийн хэмжээг хэвээр хадгалах хэдий ч илүү тогтвортой хөгжлийн нөлөө үзүүлэх боломжтой, цар хүрээ өргөнтэй, хөтөлбөрийн түвшний үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Нэн тэргүүнд АХБ КОВИД-19 цар тахлын эсрэг ойрын хугацаанд авах хариу арга хэмжээгээ эрчимжүүлж, Засгийн газарт эдийн засгаа тогтвортойгоор сэргээн, нийгмийн хамгийн эмзэг бүлгийн иргэд өсөлт хөгжлөөс орхигдохгүй байхад анхаарахад нь дэмжлэг үзүүлнэ. Хоёрдугаарт, АХБ хөгжлийн бусад түнш байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж, салбар бүрийн үйл ажиллагааны голлох чиглэлээ тодорхойлно. Гуравдугаарт, АХБ үйл ажиллагаагаа газар зүйн байршлаар багцлан, эхний ээлжинд Монгол Улсын баруун бүсэд төвлөрөх бөгөөд хөгжлийн үр нөлөөг аль болох өндөр байлгахын тулд хот ба хөдөө орон нутаг дахь төсөл хөтөлбөрүүдийнхээ уялдаа холбоог нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бэлэн байдалд онцгой анхаарна. Эцэст нь Монгол Улсын хөгжлийн замнал дахь хувийн хэвшлийн үүрэг оролцоог бэхжүүлэх үүднээс хувийн хэвшил оролцох боломжтой төслүүдийг эн тэргүүнд тавина.
Энэхүү шинэ түншлэлийн стратеги нь эдийн засгийг сэргээн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар КОВИД-19 цар тахлыг даван туулж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох зорилго бүхий Монгол Улсын Алсын хараа-2050 ба Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан болно.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.