/2023.03.30/: УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж байна.
Өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Үүний дараагаар Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн шийдвэр гаргасан юм.
Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлаар санал хэлэв. Тэрээр "Иргэдийн мэдэх эрхийг хангаж УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй" гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар үүний хариуд "Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо байгаа эсэхийг УИХ-ын Тамгын газар судлаж танилцуул" гэв. Гэсэн ч УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан:
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг хаалттай горимоор хэлэлцэнэ гэж заасан.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэхээр заасан. Тэгэхээр уг асуудал Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцын зэрэгт орж ирсэн учир хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэв.
Улмаар мөрдөн шалгах ажиллагаа болон албаны нууцтай холбоотой асуудал учир хаалттай хэлэлцэхээр тогтлоо.