/2023.03.27/: АНУ-ын Юта мужид өнгөрсөн пүрэв гарагт нэгэн хуулийн төсөл эцэслэн батлагдсанаар тус муж хүүхдүүдийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон анхны муж боллоо.
Тус мужийн захирагч, Бүгд найрамдах намын гишүүн Спенсер Кокс энэ хуулийн төсөлд гарын үсэг зурснаар тус мужийн 18 нас хүрээгүй оршин суугчид олон нийтийн сүлжээгээр харилцахыг хязгаарлаж, уг үйлчилгээ эрхлэгч компаниудыг насанд хүрээгүйчүүдэд зориулсан элдэв сурталчилгаа, үйлчилгээ санал болгохыг албан ёсоор хориглов.
Хууль 2024 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ба энэ хуулийн дагуу олон нийтийн сүлжээний компаниуд насанд хүрээгүй хэрэглэгчдийн аккаунтыг оройн 22 цаг 30 минутаас өглөөний 6 цаг 30 минут хүртэл түр идэвхигүй болгож, царцаах үүрэг хүлээж байгаа юм.
Мөн уг хуулийн дагуу олон нийтийн сүлжээний компаниуд хүүхдүүдийн аккаунт руу эцэг эхчүүд нь нэвтрэх эрхийг олгох ёстой болж байна. Мөн насанд хүрэгчид өөрсдийн насыг олон нийтийн сүлжээний платформ дээр баталгаажуулж чадахгүй бол өөрийн аккаунт буюу хэрэглэгчийн бүртгэл рүүгээ орох эрхгүй болох ажээ.
Мужийн захирагчийн мэдэгдлээс үзвэл улс орон даяар хууль тогтоогчид олон нийтийн сүлжээ болон хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлж буй түүний сөрөг нөлөөллийн асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байгаа ба үүний гол буруутан нь олон нийтийн сүлжээний компаниуд гэж тэрээр өнгөрсөн пүрэв гарагт бичсэн жиргээндээ дурджээ. Мөн тэрээр “Дээрх учир шалтгааны улмаас насанд хүрэгсэд бид эцэг эхийн хувиар болон бодлого тодорхойлогчдын хувиар хүүхэд багачуудынхаа өмнө хариуцлагатай байж, энэ хуулийг батлан гаргаж байна. Хууль батлагдсаныг эсэргүүцсэн хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдийн өргөдөл гомдол холбогдох байгууллагад ирэхийг үгүйсгэхгүй” хэмээжээ.
Харин TechFreedom судалгааны хүрээлэнгийн хуульч Ари Конн энэ хуулийн төслийг эсэргүүцэж, “АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр өөрчлөлт буюу хүний заяамал эрхийн тухай заалтыг ноцтой зөрчиж, интернэтийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн үйлдэл” гэсэн юм. Тэрээр мужийн захирагч ийм хууль санаачлан батлуулж, олон нийтийн сүлжээн дэх хэрэглэгчид өөрсдийн бичиг баримтаараа насаа баталгаажуулж, насанд хүрээгүй хэрэглэгчдээс эцэг эхийн зөвшөөрөл шаардаж байгаа нь туйлын буруу гэсэн байр суурьтай байна. Мөн уг хуультай холбоотой шүүхийн элдэв маргаан тасрахгүй байх өндөр магадлалтай бөгөөд тэр бүрд мужийн төсвөөс зардал гарах нь хэнд ч ашиггүй шүү дээ гэж Ари Конн хуульч өгүүлсэн юм.
Дээр өгүүлсэнтэй ижил агуулгатай хуулийн төслийг АНУ-ын Арканзас, Техас, Охайо мужийн хууль тогтоох байгууллагууд ч мөн хэлэлцэж байгаа гэж Associated Press агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: axios