/2023.03.27/: Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2020 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг.
Уг стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус, олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм. Тухайлбал БНХАУ-д нийт жин нь 49 тонн, ОХУ-д 44 тн, Европын холбооны улсууд 44 тн гэсэн стандартыг тус тус баримталж байна.
Тээвэрлэгч, жолооч нарын дунд хавар намрын улиралд газар гэсэж, хөлдөх үед стандартаа баримтлаад бусад үед жин, даац хэтрүүлэх буруу хандлага байсаар байгаа нь зам эвдрэх, аваар осол гарах, цаашлаад эрдэнэт хүний амь нас хохирох зэрэг эрсдлийг бий болгож байна.
Өвөл газар хөлдүү үед зам хөшүүн чанартай болж хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход деформаци үүсэж зам дээр хагарал, овойлт үүсдэг. Ингэж овойсон зам хавар хөрсний гажилтад орж, хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих үед замын хагарал улам нэмэгдэж, суулт өгч томоохон нүх үүсэх, замын эвдрэл гэмтлийн гол шалтгаан болдог.
Иймээс даацын хяналтыг тогтмолжуулж, цаашид энэ төрлийн хяналт шалгалтыг цахимжуулах чиглэлээр ЗТХТ тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Дээрх төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймагт хэрэгжүүлээд байна.
Тодруулбал,
- Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар, “Зам, тээврийн хөгжлийн төв”, “Тээврийн Цагдаагийн Алба”, “Автотээврийн Үндэсний Төв”-ний хамтарсан ажлын хэсэг тухайн чиглэлүүдэд нүүрс тээврийн даацын байдалд шалгалтын ажиллагаа явуулж гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан,
- Уурхайн нүүрсний тээвэр болон авто замын даацыг хэтрүүлж авто замын хучилт, гүүрийг эвдэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг таслан зогсоож захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авч цаашид даацын хяналтыг тогтмолжуулах хамтын арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг нэгдсэн шийдэлд хүрсэн
- Улсын хэмжээнд орон нутгийн удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн ба хамтдаа замаа хамгаалах чиглэлээр байнга мэдээлэл солилцох, хамтарсан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулахаар боллоо.
Цаашид ийм төрлийн зөрчилд Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна даац хэтрүүлсэн аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг онцоллоо.
Мөн дээрх стандарт шаардлагыг баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг барагдуулах механизм үйлчилж эхэлнэ.
Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд улсын чанартай автозамаар том оврын ачааны автомашинаар тээвэрлэлт хийхдээ дараах зөрчил дутагдлыг нийтлэг гаргаж байна.
Үүнд:
- Гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус;
- Улсын дугаар бүдгэрсэн, арилсан, гээгдүүлсэн;
- Оврын хэмжээг илтгэсэн хажуу болон арын хэсэгт туузан наалт байрлуулаагүй;
- Ачаа тээвэр зориулалтын бүтээлэггүй;
- Эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, хол, ойрын болон оврын гэрлийн нөөц чийдэн байхгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байна.
Иймд дээрх дутагдлыг гаргахгүй хөдөлгөөний болон тээвэрлэлтийн стандартаа мөрдөхийг холбогдох албаныхан анхааруулж байна.
Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй, ачаа ачсан эхлэлийн цэг рүү буцааж, хэвийн хэмжээд ачилт хийлгэн хөдөлгөөнд оролцуулах ба зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авна.
Эх сурвалж: ЗТХЯ