Монгол залуу Солонгост учир битүүлгээр нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол залуу Солонгост учир битүүлгээр нас баржээ

/2021.09.01/ БНСУ-д ажиллаж амьдардаг байсан монгол иргэн тодорхойгүй шалтгааны улмаас нас баржээ.

Тухайн иргэн 40 настай, хүлэмжинд ажиллаж эхлээд жил гаруй болсон аж. Захирал нь цалингаа өгдөггүй байсан учир үргэлж муудалцдаг байсан гэж түүний эгч ярьсан байна.

Нас барсан иргэний эгч, "Дүү минь золгүй явдлын улмаас нас барсан. Захиралтайгаа муудалцсан, цалингаа өгөхгүй байна гэж үргэлж хэлдэг байсан. Мөн цалин авах бүртээ дутуу авдаг байсан гэсэн. Манай гэр бүлийнхэн хэрхэн, яаж нас барсан гэдгийг нь огтхон ч мэдэхгүй байна. Хамгийн сүүлд зургаадугаар сарын 8-нд миний охинтой ярихдаа дарга цалингаа өгсөнгүй, захиралтайгаа муудалцчихлаа гэж ярьсан байна лээ. Тэрнээс хойш дахиж холбоо бариагүй. Дүүгийнхээ нас барсан шалтгааныг мэдмээр байна" гэжээ.

Нас барсан иргэний эгч дүүгийнхээ цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй, гэрийнхэн нь очиж ямар байдалтай байгааг харсны дараа задлан хийлгүүлнэ гэсэн боловч хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Мөн задлан хийснээс хойш цогцос хадгалалтын мөнгө их гарах учир яах ч аргаггүй чандарлуулжээ. Тиймээс нас барсан иргэний царай зүс, цогцсыг ч харж чадаагүй байна.

Талийгаачийн эгч, "МУ-ын ЭСЯ-наас ирсэн нот бичигт гэртээ нас барсан гэсэн байна лээ. Гэхдээ яаж өнгөрснийг нь хэлээгүй. Одоогоор задлан шинжилгээнийх нь хариу бүрэн гараагүй байна. Нас бараад 20 орчим хоног болж, бие нь илжирсний дараа олсон учир задлан шинжилгээний хариу удаан гарна гэсэн" гэв.

Мөн тэрбээр, "Цагдаагийн байгууллагаас тэмдэглэлийн дэвтэр, гар утсыг нь өгсөн гэсэн. Гэхдээ дүүгийн маань цогцсыг анх шинжилхээр ирсэн эмч тэр дэвтрийг аваагүй, мэдэхгүй гэсэн. Миний бодлоор дэвтэр дээрээ өөрийн ажилтай холбоотой зүйлсийг бичсэн байх" гэв.

Англи хэлийг албан ёсны хоёрдахь хэл болгоно
Англи хэлийг албан ёсны хоёрдахь хэл болгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.