/2023.03.02/: Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсгийн Бахмут хотод довтолгоогоо үргэлжлүүлсээр байна.
Украины Хуурай замын армийн нийтэлсэн видео бичлэгт 93-р бригадын нэгэн цэрэг "Бид дайсныг тогтоон барьж байна. Хэдий тийм ч Оросын арми энэ хотыг эзлэхийн тулд бүхнээ золиослоход бэлэн мэт довтолсоор байна. Бид хотыг хамгаалан тулалдаж байгаа энэ үед хэн ч ухрахгүй тулалдсаар байх болно" гэжээ.
28-р бригадын командлагч, хурандаа Юрий Мадияр Telegram дээр "Бахмут тэсвэрлэсээр байна. Хотыг хамгаалахад улам бүр хэцүү болж байна" гэжээ.
Тэрээр "Украины ангиуд дайсан Бахмутыг бүслэхээс сэргийлэхийн тулд хойд жигүүрийг хамгаалж байгаа. Харин бусад хэсэгт цэргүүд гудамжнуудад дайсантай нүүр тулан тулалдаж байна. Дайснууд хотыг хайр найргүй сүйтгэж, энгийн иргэдийг шархдуулж, хөнөөж байна. Өнөөдрийг хүртэл Оросууд 4400 гаруй орон сууцны барилгыг сүйтгэсэн" гэв.
Цэргийн Жанжин штабын мэдээлснээр "дайсан Бахмутийн бүсэд урагшилсаар" байгаа боловч Бахмутаас баруун зүгт орших Хромове, Иванивске, Орихово-Васыльвка, Часив Яр суурин газрууд руу хийсэн дайралтыг амжилттай няцаасан байна.
Эх сурвалж: CNN