Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон холбогдох албаны хүмүүс БНСУ-ын Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн төлөөлөгчдийг өнөөдөр /2021.07.02/ хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн байгууллага КОЙКА-тай 2011 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд архивын цаасан баримтыг цахимжуулахад чухал үүрэг гүйцэтгэснийг дурдаад хоёр талын хамтын ажиллагаа анхан шатны нэгжүүдэд чиглэж, бусад төслүүдийн суурь болж өгснийг онцоллоо.
КОЙКА-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Ким Сү Янъ УБЕГ-т хэрэгжиж буй энэхүү төсөл КОЙКА-ийн Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдээс хамгийн том төсөл гэдгийг онцлон дурдаад, Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа дуусч байгаа учир уг төслийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр томилогдсон Ли Жа Ён орлогч даргыг танилцуулав. Талууд төслийн хүрээнд хийгдэж буй ажлын явц болоод цаашид үргэлжүүлэн хийгдэхээр төлөвлөсөн бусад ажил болон анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн байгууллагын хөгжил, дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон өнгөрсөн хугацаанд сэтгэл, зүтгэл гарган хамтран ажилласан КОЙКА-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Ким Сү Янъд гүн талархал илэрхийлэв.
Ташрамд дурдахад, Улсын бүртгэлийн байгууллагад хэрэгжиж буй төслүүд ямар нэгэн давхардалгүйгээр, хоорондоо уялдаа холбоотой хэрэгжиж байгаа ба КОЙКА анхан шатны нэгжүүд рүү, Азийн хөгжлийн банк дэд бүтэц рүү, Дэлхийн банк цахимжуулалт руу чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: https://burtgel.gov.mn/post/58241