/2023.01.30/ "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан ЕТГ-аас мэдээлэл хийж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч Ерөнхийлөгчийн хувьд энэ хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан. Ер нь аливаа хүний эрхийг дордуулсан хуулийн заалтууд дээр хүний эрхийг хамгаалах чиглэлд тодорхой бодлого гаргах ёстой. Нөгөө талд өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу аливаа хуулийг хэлэлцэн батлахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй бүлэг, эрдэмтэн судлаачдын санал бодлыг тусгах ёстой байдаг. Тиймээс сая батлагдсан хууль нь хуулийн хүрээнд хэлэлцэгдэж батлагдаагүй байна гэж үзэж байгаа.
Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг эрс нэмэгдэж байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг садар самуун болон бусад зүйлд уриалах, хүний нэр төрд зохион байгуулалттай халдах гэмт хэргүүдийг бууруулах, хатуу тэмцэх шаардлага бий. Энэ чиглэлээр хууль эрх зүйн орчноо улам боловсронгуй болгох хэрэгтэй байна. Тиймээс цаашид УИХ, Засгийн газар энэ чиглэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ хүрээнд цаашид олон нийтийн санаа бодлыг сонсож, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж, олон улсын сайн туршлагуудыг тусгана.
Хуулиараа Ерөнхийлөгч чуулганы завсарлагааны үеэр хуульд хориг тавьбал дараагийн чуулган эхлээд эхний 14 хоногт хоригийн талаар хэлэлцэх ёстой байдаг. Гуравдугаар сарын 15-нд УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Тиймээс эхний 14 хоногт энэ талаар хэлэлцэх ёстой юм. Гэхдээ хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ямартай ч хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа учраас хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжих хуулийн үйлчлэл түдгэлзэнэ гэв.