Олеся Кривцова хөлийн нэг шагайндаа Путины эсрэг шивээс хийлгэж, нөгөө шагайндаа түүний хөдөлгөөн бүрийг хянадаг бугуйвч зүүжээ.
ОХУ-ын Архангельск мужаас ирсэн 19 настай бүсгүй Оросын армийн нэр хүндийг гутаан доромжилж, терроризмыг зөвтгөсөн мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хэрэгт буруутгагдсан байна.
Тэрээр өнгөрсөн аравдугаар сард Крымын гүүрэн дээр болсон дэлбэрэлтийн тухай Инстаграм хуудсандаа Оросыг Украин руу довтолж байна гэж шүүмжилсэн байна. Үүний хариуд түүнийг ISIS, Аль-Каида, Талибаны бүлэглэлтэй эн зэрэгцүүлэн алан хядагчид, хэт даврагчдын жагсаалтад оруулж.
Архангельск хотын баруун хойд хэсэгт орших Хойд (Арктик) Холбооны Их Сургуулийн оюутан Кривцова мөн Оросын нийгмийн сүлжээний ВК-д дайны талаар шүүмжилсэн нийтлэл бичсэнийхээ төлөө Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байна.
Одоогийн байдлаар Кривцова Архангельск мужийн Северодвинск дахь ээжийнхээ байранд гэрийн хорионд байгаа бөгөөд интернетэд орох болон хүмүүстэй харилцахыг хориглосон байна.
Кривцовагийн өмгөөлөгч Алексей Кичин "Өсвөр насны охин Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр гурван жил, терроризмыг зөвтгөсөн гэсэн зүйл ангиар долоо жил хүртэл хорих ял авч магадгүй. Олесягийн хэрэг анхных ч биш, сүүлчийнх ч биш" гэж CNN-д ярьжээ.
Хүний эрхийн хараат бус ажиглагч OVD-Info 2022 онд Орост интернет дэх терроризмыг зөвтгөсөн гэх үндэслэлээр 61 хэрэг үүсгэн, одоогийн байдлаар 26 хэрэгт ял оноосон гэж мэдэгдэв.
“Бид Архангельск мужид амьдардаг. Манай нутаг өргөн уудам боловч төвөөс хэт алслагдсан газар юм. Архангельск хотод дахин эсэргүүцлийн жагсаал гаргахгуйн тулд тэд бүх зүйлийг эрт дээр нь боомилхыг оролдож байна" гэж Наталья Кривцова CNN-д ярьжээ.
Коммунист намын орон нутгийн тэргүүн Александр Новиков өсвөр насны охиныг төрийн телевизээр элэглэн дооглож, түүнийг Украйны зүүн хэсгийн Донбасс дахь фронтод Архангельскийн батальоны бүрэлдэхүүнд илгээж, цэргийн тулалдааныг "нүдээр нь үзүүлэх" ёстой гэжээ.
Энэ нь Олеся Кривцовагийн дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн тавдугаар сард тэрээр дайны эсрэг зурагт хуудас тарааж Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр захиргааны хариуцлага хүлээж байжээ.
Түүнийг өнгөрсөн аравдугаар сард олон нийтийн сүлжээгээр Оросын армийн нэр хүндийг гутаасан гэж буруутгаж байгаа нь илүү хүнд гэмт хэрэг болж байна. Учир нь ижил зүйл ангиар давтан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хэрэг болж хувирдаг гэж Кривцовагийн өмгөөлөгч хэлсэн юм.
“Түүний шударга ёсны мэдрэмж өндөр байгаа нь түүний амьдралыг улам хэцүү болгож байна. Дуугүй байж чадахгүй, үзэл бодлоо илэрхийлэх нь одоо ОХУ-д томоохон нүгэл болсон" гэж түүний ээж CNN-д ярьжээ.
Эх сурвалж: CNN