/2023.01.27/: Нийслэлийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 101 дугаарт уг журамд оруулах саналын тухайд,
- Тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлнө.
- Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй
- Тээврийн хэрэгслийн жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж хүргэх шат дараатай явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлнө.
- Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ
- Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг байгаа юм.
2022 оны байдлаар нийт 120,459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж.
Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд болон эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна. Түүнээс гадна тээврийн хэрэгсэл дотор хүн болон амьтан байгаа тохиолдолд тухайн автомашиныг ачихгүй байх саналыг боловсруулжээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас эцэслэн шийдвэрлэнэ.
Эх сурвалж: НИТХ