Дэлхийн хамгийн том, хамгийн алдартай шинэ бүтээгдэхүүн, электрон технологийн үзэсгэлэн болох CES 2023(Consumer Electronics Show) нь нэгдүгээр сарын 5-наас 8-ны хооронд уламжлал ёсоор АНУ-ын Лас Вегас хотод зохиогдож өндөрлөлөө.
Жил бүр шуугиан тарьсан, хүлээлт үүсгэсэн, чих дэлдийлгэсэн олон шинэ бүтээгдэхүүн, технологи, шийдэл танилцуулагддаг тул тухайн жилийнхээ хамгийн нөлөө бүхий технологийн арга хэмжээ ч гэж тооцогддог. Энэ удаагийн CES шоуны онцлох бүтээгдэхүүнүүдээс түүвэрлэн танилцуулъя.
1. ASKA A5 Нисдэг машин
Өдөр бүр ажил гэрийн хооронд явахдаа газраар биш тэнгэрээр нисэх мөч улам ойртсоор байгаа билээ. Төсөөллийн загвар зохион бүтээгч ASKA компани CES2023 шоун дээр А5 нэртэй нисдэг машиныхаа туршилтын загварыг танилцуулав.
Хэвлэлийн хурал дээр тус компани мэдэгдэхдээ “А5 бол хамгийн анхны 4 суудалтай нисдэг машин бөгөөд цахилгаан хөдөлгүүрээрээ газар дээгүүр хурдалж чадахаас гадна агаарт 250 метр өндөрт хөөрөн нисч чадна” гэжээ. Бусад нисдэг машинуудтай харьцуулахад А5 нь нисдэг тэргэнд зориулсан тавцан дээрээс эгц дээш хөөрөх болон буух чадвартай юм. Бусад цахилгаан автомашинуудын нэгэн адил А5-ыг гэртээ буюу цахилгаан машин цэнэглэх станц дээр цэнэглэж болно.
Хэдийгээр АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газраас А5 машинд нисэх зөвшөөрөл олгоогүй байгаа хэдий ч ASKA компанийн үүсгэн байгуулагч Гаи Каплински CNET-д өгсөн ярилцлагадаа энэ зөвшөөрөл хэдхэн сарын дотор гарчих байх хэмээжээ. Гэвч уг машиныг хүн бүр авч унах боломжгүй гэдгийг урьдчилсан захиалгын төлбөр нь 789000 ам.доллар байгаагаас харж болох юм.
2. Хаана ч байрлуулж болох утасгүй зурагт
Зурагт гэдэг цахилгаан төхөөрөмж бүтээгдсэн цагаасаа хойш өдгөөг хүртэл маш олон инноваци хийгдэж, улам төгөлдөржиж ирсэн ч цахилгааны утаснаасаа салалгүй шинэчлэгдэж иржээ. Өчигдрийг хүртэл шүү дээ. Displace нэртэй шинэ зурагтыг CES шоун дээр танилцуулсан зохион бүтээгчид уг зурагтаа дэлхийн анхны утасгүй зурагт болсон хэмээн ам бардам зарлав.
Энэхүү зурагт нь цахилгааны залгуур болон холбох оролтгүй бөгөөд багтаамж өндөртэй, сольж болдог зайгаар ажиллах юм. Уламжлал ёсоор хавтгай зурагтыг хананд зориулалтын тогтоогч бэхэлж тогтоодог бол Displace зурагтыг хана буюу цонхон дээр хүчирхэг бумбадагч резинээр наалдуулж тогтооно. Мөн энэ зурагтыг удирдах удирдлага байхгүй, харин үзэгчийн биеийн хөдөлгөөнөөр удирдах боломжтой зохион бүтээсэн байна. Энэ жилийн CES шоун дээр утасгүй зурагт хэд хэдээрээ гарч ирсэн ч хамгийн онцгой, эрс шинэчлэл бүхий загвар нь Displace байлаа гэж CNET болон ZDNET технологийн сайтууд онцолжээ. Уг зурагт 2023 оны сүүлч гэхэд худалдаанд гарч, 2999 ам.долларын үнээр зарагдах ажээ.
3. Movano Evie – Эрүүл мэндийн бөгж
Эрүүл мэндийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Movano компани CES2023-ын үеэр Evie нэртэй шинэ ухаалаг бөгжийг олны хүртээлд толилууллаа. Мэдээж хэрэг эрүүл мэндийн үзүүлэлт хянадаг бөгж, бугуйвч гараад хэдэн жил болж байгаа ч Evie нь бүрэн “эрүүл мэндийн” гэж нэрлэхүйц хэмжээний боломжуудыг агуулсан бөгж болжээ.
Тус компани АНУ-ын Хүнс, эмийн зөвшөөрлийн агентлагаас бүтээгдэхүүнийхээ зөвшөөрлийг хүлээж байгаа бөгөөд зөвшөөрлөө авмагц энэ бүтээгдэхүүн эмэгтэйчүүдийн эрүүл мэндээ хянахад туслах хамгийн найдвартай туслагч болж, биеийн хамаг л нарийн үзүүлэлтүүдийг тоочин гаргаж ирснээр амьдралын хэв маяг, зан үйл болон эрүүл мэндийн хоорондох уялдаа холбоог илүү сайн ойлгож мэдэхэд туслах учиртай юм. Movano компани хэвлэлийн хурлын үеэрээ “Evie нь эмэгтэйчүүдийн амрах хэмнэл, зүрхний хэм, арьсны температур, сарын тэмдгийн мөчлөг, нойрсолтын түвшин болон бусад олон үзүүлэлтүүдийг хянаж чадна” гэжээ.
ZDNET сайтын онцолсноор сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн бугуйвчаас дутахааргүй хүчин чадалтай бөгж гэх мэт авсаархан төхөөрөмж рүү шилжих нь трэнд болоод байгаа тул Evie нь цагаа олсон бүтээгдэхүүн болж чадаж байгаагаас гадна дээр дурдсан зарим фитнесс хянагч төхөөрөмжүүд нь тодорхой тохиолдлууд дээр алдаатай мэдээлэл цуглуулсан ч жишээ бий.
Харин Movano компанийн шинэ бөгж нь дан ганц фитнесс бус эрүүл мэндийн цогц хяналт хийж чадахуйц шинэчлэл болжээ” гэсэн байна. Энэхүү бөгж нь 2023 онд 300 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах юм.
4. Гэрийн тэжээвэр амьтадтай харилцах FluentPet аппликэйшн
Нохойтойгоо бүрэн ойлголцож, “таван үг солих” хүсэлтэй хүн олон байдаг нь дамжиггүй. CES2023 үзэсгэлэн дээр FluentPet компани өөрийн шинэ бүтээл FluentPet Connect аппликэйшнийг танилцуулснаар энэ боломж нээгдэх бололтой.
Гэрийн тэжээвэр амьтан нь гэрт суурилуулсан мэдрэгчийн олон өнгөт товчнуудаас дарахад эзэнд нь Bluetooth болон WiFi-аар дамжин дохио очих аж. Ийм олон өнгөт товчлуур суулгахын зорилго нь гэрийн тэжээвэр амьтаддаа хэл, команд заах хүсэлтэй хүмүүс “гадаад гаръя”, “хоолоо ид”, “тоглоцгооё” гэх зэрэг командыг нэг нэг өнгийн товчлууртай холбон сургаснаар тэдний хүсэл, юу хийх гэж байгааг нь шууд мэдэх боломжтой болох юм. Урьд өмнө нь гэрийн тэжээвэр амьтдаар товч даруулж хооллох, ус өгөх гэх мэтийн технологиуд амьдралд нэвтрээд байсан ч эздийнхээ гар утас руу дохио илгээх боломжтой болсон нь орон зайнаас үл хамаарсан шинэлэг шийдэл болжээ.
Мөн уг аппликэйшн нь амьтдын их дарж байгаа товчнуудыг бүртгэж, ерөнхий зан төлвийн шинжийг ч тодорхойлох боломж олгоно. Шинэ аппликэйшнийг гэрийн тэжээвэр амьтдад зориулсан технологийн чиглэлээр дагнадаг компани зохиосон бөгөөд Connect нэртэй өнгийн товчлуурт хавтан нь 69.96 ам.доллар, аппликэйшн бүхий бүтэн систем нь 159 ам.доллараар зарагдах ажээ. FluentPet компани бүтээгдэхүүнээ 2-р сараас эхлэн албан ёсоор худалдаалж эхлэх юм байна.
5. TCL RayNeo X2 – Augmented Reality нүдний шил
Augmented Reality буюу монгол хэл рүү сүүлийн үед баяжуулсан хиймэл дүрслэл гэж орчуулж буй AR технологи руу салбарын аварга компаниуд ээлж дараалан орсоор байгаа. Тэгвэл TCL компанийн шинээр бүтээсэн RayNeo X2 нэртэй AR нүдний шил нь бусдаас ялгарах хэд хэдэн давуу талтай аж. Тухайлбал, ухаалаг GPS навигаци, гар хүрэлгүйгээр ажиллах ухаалаг камер гэх мэт. Гэхдээ энэ нүдний шилийг бусдаас эрс ялгаруулж буй нэг онцлог шинэ функц нь өөдөөс харилцан ярилцаж буй хүний яриаг ямар хэл вэ гэдгийг нь автоматаар мэдэрч, орчуулан, дэлгэцийн доод хэсэгт хадмал текст хэлбэрээр харуулах юм.
Ингэснээр энэхүү шилийг хэрэглэж буй хүмүүс хоорондоо өөр хэлээр шууд ярилцах боломж бүрдэж байна гэсэн үг. CES шоуны үеэр энэ шилийг биеэрээ туршиж үзсэн CNET сайтын сэтгүүлчийн мэдэгдсэнээр шилийг зүүмэгц танхимд юм ярьж байгаа хятад хүний яриаг шууд ойлгогдох хэмжээнд орчуулж эхэлсэн гэжээ. Google, Apple гэх мэт технологийн салбарын томчууд энэ технологи руу хэдийн хөл тавьсан ч TCL компанийн хувьд энэ нүдний шилээр дамжуулан, цоо шинэ AR экосистем бүтээх анхны алхмаа хийлээ гэж өөрсдийгөө тодотгож байна. 2023 онд энэхүү AR нүдний шилийг зөвхөн хөгжүүлэгчдийн хүрээнд хязгаарлагдмал тоогоор гаргах бол ирэх жилээс нийтэд худалдаалж эхлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: theweek