Цагдаагийн байгууллага нийт автомашины 30 орчим хувийг шинэчилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн байгууллага нийт автомашины 30 орчим хувийг шинэчилж байна

/2021.08.27/: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, хангамжийн үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны үйл ажиллагаа, чиг үүргийн талаар ярилцлагаа эхэлье.

-Санхүү, аж ахуйн алба нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдлыг хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, байгууллагын жилийн төвлөрсөн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төсөв, санхүүжилтийг хуваарилах, зарцуулалт,гүйцэтгэлд хяналт тавих, цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, барилга, байгууламж барих, дүрэмт хувцас, материал, техник, тусгай хэрэгсэл худалдан авах ажиллагаа зэрэг бүх төрлийн хангалт, үйлчилгээг зохион байгуулах, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, төсвийн зарцуулалтад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.

-Цагдаагийн байгууллагын төсөв хөрөнгийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалж, ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд төсөв хөрөнгө нэлээд шаардагддаг.

Сүүлийн жилүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж ашиглах чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засаг хүндхэн энэ үед төр засгаас анхаарч, УИХ-аас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2021 оны төсвийг өмнөх оноос 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталж, 650 алба хаагчийн орон тоог нэмж, 13.4 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгснөөр бид хуулиар хүлээсэн үүргээ зохих түвшинд биелүүлэх нөхцөл боломж бүрдэж байна.

-Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг ажил, үүргээ гүйцэтгэхэд шаардагдах автомашин, техник хэрэгслийн хүрэлцээ, парк шинэчлэлт ямар түвшинд байна вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад долоон улсын 72 загвар бүхий албаны болон тусгай зориулалтын 1100 гаруй тээврийн хэрэгсэл ашиглаж байна. Манай байгууллагад ашиглагддаг автомашинуудын хувьд 24 цагаар тасралтгүй эргүүл, жижүүр, дуудлагад явдаг тул тээврийн хэрэгслийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа нэн тэргүүнд тавигддаг.

Бид анх удаа 3-4 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах таван нэр төрлийн буюу нийт автомашины 30.0 орчим хувийг шинэчилж байна. Энэ нь сүүлийн хэдэн арван жил байгаагүй хэмжээний парк шинэчлэлт болж байна.

-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид цаг наргүй, ачаалал ихтэй ажилладаг шүү дээ. Хүний эрхийн үндэсний комиссоос цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, цалин хангамжийн талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж байсан санагдаж байна. Алба хаагчдын цалин хангамжийг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ авч байгаа вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны цалин шүүх, прокурор, хууль сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагын алба хаагчдынхтай харьцуулахад 1.5-3 дахин бага байдаг. Бид энэ зөрүүг аль болох багасгах арга замыг байнга эрэлхийлж, жил бүрийн төсөвт тусган, эрх бүхий байгууллагад танилцуулдаг.

Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл”-ийг бүрэн олгох талаарх танилцуулга, мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн зөвшөөрөл авч, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүнд, мөн оны наймдугаар сарын 01-ээс офицер бүрэлдэхүүнд дээрх нэмэгдлийг олгож байна.

Мөн Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан ТТ-7 цалингийн шатлал, зэрэглэлээр цалинжиж байгаа алба хаагчдын цалинг ТТ-8 цалингийн шатлал, зэрэглэлд шилжүүлж, алба хаагчдын цалинг 50.0-250.0 мянган төгрөгөөр нэмсэн.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, төрийн тусгай алба хаагчдын хөдөлмөрийн харилцаанд үүсээд байгаа ялгамжтай байдлыг арилгах зорилгоор захиргааны болон бусад чиг үүрэг гүйцэтгэн ажиллаж буй алба хаагчдын ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох зохицуулалтыг тусгуулахаар Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар алба хаагчдыг гэнэтийн осол, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалынүйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, өнөөдрийн байдлаар албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж, гэмтсэн 69 алба хаагчид 76.2 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгууллаа.

Мөн хүн, малын гоц халдварт өвчин гарсан, байгалийн гамшиг тохиолдсон үед хорио цээрийн дэглэм сахиулах, авран хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн замд эргүүл, хяналт шалгалтаар ажиллах үед цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаанд ашиглах зорилгоор ОХУ-ын “Газель” үйлдвэрийн VAN маркийн ачааны дөрвөн автомашиныг тусгай тоноглолтой болгож, явуулын болон 21 зөөврийн сууц тус тус бэлтгэн үйл ажиллагаандаа ашигладаг.

-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцсыг бэлтгэхэд дотоодын үйлдвэрлэгчийн оролцоо хэр байдаг вэ?

-Цагдаагийн алба хаагчид Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолоор, Дотоодын цэргийн алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81, 2018 оны 175 дугаар зарлигаар тус тус баталсан загварын дүрэмт хувцас өмсөж хэрэглэдэг.

Бид цагдаа, дотоодын цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын 2021 оны хэрэгцээт дүрэмт хувцсыг бэлтгэх, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, бусад дагаж мөрдөх журамд нийцүүлэн Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу 86 нэр төрлийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг, материалыг гүйцэтгэгчээр шалгарсан дотоодын 47 (давхардсан тоогоор) аж ахуйн нэгж, байгууллагаар бэлтгүүлж байна.

Мөн алба хаагчдын дүрэмт хувцасны материалын шинж чанарыг сайжруулахад онцгой анхаарч, материалын өнгөний кодыг тогтоох, техникийн шаардлага, стандартыг боловсруулах ажлыг ШУТИС-ийн “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн”-тэй хамтран хэрэгжүүлдэг.

Эх сурвалж: police.gov.mn

Хичээл эхлэхийн өмнөхөн Дорнод аймаг дахь тохиолдлын тоо ихсэж байна
Хичээл эхлэхийн өмнөхөн Дорнод аймаг дахь тохиолдлын тоо ихсэж байна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.