/2022.12.09/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар саяхан жагсагчидтай уулзлаа.
Тэрээр:
-Гаалийн байгууллагад хяналт, шалгалт хийж бүтцийн өөрчлөлт хийх ажлыг Засгийн газар эхлүүлж байна. Энэ бол та бүхний тэмцлийн үр дүн. 1990 оноос хойш Гаалийн байгууллагыг хамгийн авлигажсан газар гэж ярьсаар ирсэн. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр Б.Асралт дарга өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон.
Өчигдөр би та нартай гарч ирж уулзахад гурван төрлийн шаардлага тавьж байсан. Нэгдүгээрт, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах. Хоёрдугаарт, нүүрсний хулгайчдад 15 жилийн ял оноож, хөрөнгийг нь хураах. Гуравдугаарт, ковидын үеийн төсвийг ил болгох шаардлага тавьсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар цар тахлын үеийн төсвийг ил тод болгохыг даалгасан байгаа.
БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний хулгайд холбогдсон Монголын өндөр албан тушаалтнуудын нэрсийг Ерөнхий сайдад хүргүүлсэн гэсэн мэдээллүүд яваад байна. Гэхдээ Хятадын талаас эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Мөн ямар хүний талаарх, ямар цаг хугацаан дахь мэдээллийг авахаа дэлгэрэнгүй ирүүл гэсэн бичгийг Хятадын элчин сайдын яамнаас ирүүлсэн байгаа. Өнөөдөр бид дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтээ илгээсэн.
Ерөнхий сайдын зүгээс "Ард иргэдийн нүүрсний хулгайтай хийх тэмцэх тэмцэл алхам алхамаар үр дүнгээ өгч байна. Бид сүүлийн 15 жил жижиг, том Тавантолгойн засаглалыг сайжруулж чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Иргэдийн тэмцэл энэхүү загсаглалыг сайжруулахад том түлхэц үзүүллээ" гэж хэлсэн.
Бид мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг өдөр бүр 11.00 цагаас мэдээлж байх болно. Нэрсийг зарла гэж байгаа нь зөв. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр Ерөнхий прокурортой уулзах хүсэлт гаргаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр мэдээллийг олон нийтэд зарлана гэж заасан байдаг. Хэрэв прокуророос зөвшөөрвөл Ерөнхий сайд өнөөдөр хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн талаарх мэдээллийг жагсагчдад өгөх юм гэлээ.