/2022.11.16/: Украины хилийн ойролцоох Польшийн зүүн нутгийн Тахь тосгонд Орост үйлдвэрлэсэн пуужин тусч, хоёр хүн амиа алдсан гэж Польшийн тал мэдэгдэв.
НАТО лхагва гарагт яаралтай хурал зарлаж, дэлбэрэлтийн талаар болон дараагийн арга хэмжээг авч хэлэлцэхээр болжээ.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ НЬ ЦАГ ТУТАМД ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙГАА БОЛНО.
08.03 цаг. BBC: НАТО-гийн гэрээний 4 дүгээр зүйлийн дагуу зөвлөлдөнө
Польшийн засгийн газар Оросын пуужин Польшийн нутаг дэвсгэрт туссан гэх мэдээлэлтэй холбогдуулан НАТО-гийн гэрээний 4 дүгээр зүйлийн дагуу зөвлөлдөх хүсэлт гаргах шаардлагатай эсэхийг шалгаж байна гэж мэдэгдэв.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Пиотр Мюллер сэтгүүлчдэд хэлэхдээ, "Хойд Атлантын гэрээний 4-р зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх үндэслэл байгаа эсэхийг бид хэсэг саяхан шалгахаар шийдлээ" гэв.
Дөрөвдүгээр зүйлд НАТО-гийн гишүүн орнууд санаа зовоосон аливаа асуудлыг, ялангуяа аюулгүй байдлын талаар Хойд Атлантын зөвлөлд хэлэлцүүлэхийг зөвшөөрдөг байна.
08.13 цаг CNN: Балтын улсууд Польштой эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийллээ
Польшийн тосгон руу Орос пуужингийн цохилт өгсөн гэж мэдээлсэнтэй холбогдуулан бусад улсууд Польшийн засгийн газартай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Балтийн гурван улс болох Эстони, Латви, Литва, мөн Польшийн өмнөд хөрш Чех, Словакийн засгийн газрууд дэмжиж, эв нэгдэлтэй байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
08.15 цаг. CNN: НАТО-гийн гишүүн Латви яаралтай хурал зарлалаа
Латвийн засгийн газар Польшид болсон дэлбэрэлтийн дараах аюулгүй байдлын байдалд дүгнэлт өгөх яаралтай хурал зарлалаа гэж Ерөнхий сайд Крисжанис Каринс мэдэгдэв.
"Би бүс нутгийн аюулгүй байдлын байдлын талаар хариуцсан яам, байгууллагуудын тайланг сонсож, цаашид авах арга хэмжээнд бэлэн байх үүднээс Засгийн газрын яаралтай хуралдаан зарлалаа" гэж тэрээр твиттер хуудсандаа бичжээ.
"Латви болон түүний НАТО-гийн холбоотнууд иргэд, газар нутгаа хамгаалахын тулд ямар ч нөхцөл байдалд бэлэн байна" гэж Каринс нэмж хэлэв.
08.45 цаг. AL ZAJEERA: Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Украины пуужин Польшид унасан гэж мэдээлж байна
Польшийн нутаг дэвсгэрт Оросынх биш Украины пуужингууд туссан гэж Оросын төрийн хэвлэлүүд аль хэдийн онцолж эхлээд байна. Эдгээр мэдэгдлүүд нь үндэслэлгүй юм.
Төрийн мэдээллийн агентлаг Риа Новости Оросын "цэргийн шинжээч"-ийн хэлсэн "Оросын далавчит пуужингууд Польшийн нутаг дэвсгэрт хүрч чадахгүй харин Украины S-300 [газар-агаар] пуужингийн систем хүрч чадна" гэснийг иш татан оруулсан байна.
Кремлийг дэмжигч хэд хэдэн Telegram суваг ижил төстэй мэдэгдлийг нийтэлжээ.
09.00 цаг. BBC: Зеленский Оросыг "санаатайгаар халдсан" гэж буруутгав
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросыг НАТО-гийн улс болох Польш руу санаатайгаар халдсан гэж буруутгав.
“Энэ бол хамтын аюулгүй байдлын эсрэг Оросын пуужингийн довтолгоо. Энэ бол маш том хурцадмал байдал. Бид арга хэмжээ авах ёстой. Терроризм зөвхөн манай улсын хилээр хязгаарлагдахгүй. Оросын терроризм цааш үргэлжлэх эсэх нь цаг хугацааны асуудал" гэж нэмж хэлэв.
Украин Улс нь НАТО-гийн гишүүн биш боловч эвсэлтэй ойр дотно харилцаатай. Зеленский мөн Украины эрчим хүчний сүлжээнд пуужингийн цохилт өгсөн нь "Их 20-ийн нүүрэнд алгадсантай адил үйлдэл болсон" гэж мэдэгджээ.
Польш улс цэргийн бэлэн байдлыг нэмэгдүүллээ
Польшийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Пиотр Мюллер дэлбэрэлт болсны улмаас хоёр Польш иргэн амиа алдсан болохыг баталжээ.
Польш улс цэргийн ангиудынхаа бэлэн байдлыг дээшлүүлж, НАТО-гийн дөрөвдүгээр заалтыг идэвхжүүлэх шаардлагатай эсэхийг шалгаж байна гэж тэр хэллээ.
09.45 цаг. BBC: Пуужинг хаанаас харвасан нь тодорхойгүй байна
Сүүлийн хэдэн цагийн дотор олон нийтийн сүлжээгээр Польшид халдлага болсон газраас пуужингийн хэлтэрхийг харуулсан зургууд тархаж байна.
Энэхүү зургууд дээр гарах пуужингийн хэлтэрхийг Английн ВВС агентлагийн сурвалжлагчид батлан хамгаалах чиглэлийн гурван мэргэжилтэнд үзүүлжээ.
CSIS судалгааны төвийн ажилтан Марк Кансиан үүнийг S-300 системээс авсан байж магадгүй гэж үзэж байна. Энэ төрлийн пуужинг ихэвчлэн газар-агаар ангиллын довтолгоонд ашигладаг бөгөөд дайны туршид Орос, Украин аль аль нь ашиглаж ирсэн гэв.
09.45 цаг. The guardian: "Баримтаар нотлох нь чухал"
НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг дэлбэрэлтийн талаар Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай ярилцсанаа твиттер хуудсандаа бичжээ.
"Би хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийллээ. НАТО нөхцөл байдлыг ажиглаж, холбоотнууд анхааралтай зөвлөлдөж байна. Бүх баримт нотлогдсон байх нь чухал" гэж тэр хэлэв.
09.50 цаг. CNN: АНУ ч, НАТО-гийн холбоотнууд ч Оростой шууд сөргөлдөөнд орохыг хүсэхгүй байна
Оросын пуужингууд Польшийн нутаг дэвсгэрт буусан тухай мэдээлэлд америкчууд болгоомжтой хандаж байна.
Цагаан ордон, Пентагон, Төрийн департамент бүгд юу болсныг батлах боломжгүй гэж мэдэгдэж, Польшийн засгийн газартай илүү мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна гэв.
Тэд мөн АНУ-ын НАТО-гийн газар нутаг халдлагад өртвөл нэг инч бүрийг хамгаалах амлалтаа давтан хэлсэн бөгөөд үүнийг Ерөнхийлөгч Жо Байден үүнийг “ариун үүрэг” гэж нэрлэсэн.
Гэхдээ АНУ ч, НАТО-гийн холбоотнууд ч Оростой шууд сөргөлдөөнд орохыг хүсэхгүй байна.
АНУ-ын Украины асуудал эрхэлсэн тусгай элч асан Курт Волкер мөн Польшийн нутаг дэвсгэрт хийсэн пуужингийн цохилтыг санаатай эсвэл санамсаргүй байдлаар хийсэн эсэхийг тогтоох нь маш чухал гэж ВВС-д ярьжээ.
НАТО Оросоос тодорхой тайлбар шаардаж, хэрэв пуужин төөрөгдсөн бол дахин ийм зүйл давтахгүй байхын тулд арга хэмжээ авах ёстой гэж тэр хэлсэн байна.
10.17 цаг. BBC: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден: Энэ пуужинг оросоос харвасан байх магадлал бага байна
Мягмар гарагт Польшид дэлбэрч, хоёр энгийн иргэний амь насыг хохироосон пуужин урьдчилсан мэдээллээр ОХУ-аас харвасан байх магадлал бага байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.
Индонезийн Бали аралд дэлхийн бусад удирдагчидтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчөөс пуужинг Оросоос харвасан гэж хэлэхэд эрт байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад "Үүнийг үгүйсгэх урьдчилсан мэдээлэл байна. Бид үүнийг бүрэн шалгах хүртэл энэ талаар хэлмээргүй байна" гэж Байден хариулав.
Өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын пуужингууд Польшид газардсан тухай мэдээлэл нь "санаатай өдөөн хатгалга" гэж мэдэгдсэн юм.