/2022.11.10/ АН-ын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сүүлийн нэлээд хэдэн Монгол Улсын төсөв маш алдагдалтай батлагдсан байдаг. Энэ байдал 2023 онд ч гэсэн давтагдана. Хүнд хэцүү ачааг нь ард түмэн үүрэхээр байна. Эрх баригчид төсөв дээрээ найрлахаар байна. Сүүлийн хэдэн жил хөшөө, музей, угтах хаалга маш олныг барьж байгуулсан. Энэ бол тэвчиж болох зардлууд байсан. Ард түмний амьдрал маш хэцүү, юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ажлын байр хумигдаж, хувийн хэвшлүүдэд орон зай үлдэхээргүй болж байна. Хэзээ ч байгаагүй 20 их наяд төгрөгийн зардалтай төсөв батлах гэж байгаа нь 2015, 2016 онтой харьцуулахад гурав дахин өссөн байна.
2022 оны нэгдүгээр сараас хойш ард түмний амьдрал хоёр дахин дордлоо. Гурваны нэг нь ядууралд нэрвэгдсэн байсан бол өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь ядуу байна. Үүнд ямар ч арга хэмжээ авч байгаа зүйл алга. Эсрэгээрээ тэлсэн төсвөө тэр хэвээр нь батлахаар улайрч байна. 2023 онд ард түмний амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо гэв.