/2022.11.04/: Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.
Хурлын эхэнд 2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүд холбогдох стандарт, дүрэмд нийцсэн эсэхийг шалгасан дүнг хэлэлцэв. Уг асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн танилцууллаа.
2020 онд Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл /хуучнаар/-ийн 36 удаагийн хурлаар 1451 асуудлыг хэлэлцэж, 1198 буюу 82.5 хувийг зөвшөөрч, 253 буюу 17.5 хувийг зөвшөөрөөгүй байна. Харин 2021 онд 27 удаагийн хурлаар 1425 асуудлыг хэлэлцэж, 82.8 хувийг зөвшөөрч, 17.2 хувийг нь эс зөвшөөрсөн. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 32 удаагийн хурлаар 1305 асуудал хэлэлцэж, 69.2 хувийг зөвшөөрч, 30.8 хувийг зөвшөөрөөгүй байна.
Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оноос хойш барилгын 1143, цахилгаан, эрчим хүчний 1197, инженерийн шугам сүлжээний 104, зөвшөөрөл сунгах 368, нэмэлт өөрчлөлт оруулсан 16 зөвшөөрлийг олгосон. Эдгээрээс барилгын ажлын зөвшөөрлийн 410-ыг түүвэрчлэн шалгахад 67 нь буюу 16.3 хувь нь зөрчилтэй байжээ. Үүнтэй холбоотойгоор зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Эх сурвалж: НЗДТГ